Эрсдэлээ хуваалцах боломж

Эдийн засгийн мөчлөгөөс хамааран банкны чанаргүй зээлийн түвшин байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Ялангуяа төрөлжиж чадаагүй эдийн засагт чанаргүй зээл санхүүгийн хямрал даллах нь бий. Тиймээс дэлхийн улс орнууд үүнээс сэргийлж, актив удирдлагын компани байгуулах замаар шийдвэрлэж ирсэн. Тус компани нь тогтолцооны хямралаас үүдэн гарсан чанаргүй зээлийг шийдвэрлэх зорилготой бөгөөд банкны санхүүгийн тайлангийн чанарыг сэргээх зорилгоор олон улсад энэ аргыг өргөн ашиглаж байна. Банкуудаас чанаргүй зээлийг худалдан авч, түүнийг удирдах, зохицуулах ажлыг хийж гүйцэтгэдэг актив удирдлагын компанийг бий болгоход эхний ээлжинд эрх зүйн орчин чухал. Эрх зүйн орчин бий болсноор компани үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм.

Уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгийн тогтворгүй байдлаас улбаатай хүндрэл чанаргүй зээлээр дамжиж санхүүгийн зах зээлд доголдол үүсгээд байна. Санхүүгийн хямрал түргэн хугацаанд илаарших боломжгүй. Үүнийг 2008 оноос хойш үргэлжлэх дэлхийн санхүүгийн хямрал бидэнд тодорхой харуулж буй. Энэ байдал руу хөл алдахгүйн тулд активын удирдлагын компанийг яаралтай бий болгох хүлээлт үүсээд байна. Нөхцөл байдал ихээхэн хүндэрч байгааг банкуудын чанаргүй зээлийн үзүүлэлт тодорхой илтгэнэ. Нэг их наядаар хэмжигдэх чанаргүй зээл эргэн төлөгдөх нь тодорхой бус байна. Энэ нь санхүүгийн хямралын бодит шалтгааны нэг.

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь, хэмжээ нь өссөөр байгаа. Нийт зээлийн 8.5 хувийг бүрдүүлж буй чанаргүй зээл огцом өссөн. Санхүүгийн салбарт хүндрэл үүсгээд байгаа чанаргүй зээл дотор худалдааны зээл хамгийн их хувийг эзэлж буй. Чанаргүй актив гэдэг нь санхүүгийн хямралын нэг дайвар бүтээгдэхүүн. Хүү өсөх, эдийн засаг удаашрах, ханш өөрчлөгдөх зэрэг нь зээлдэгчийн өрөө төлөх чадвар, хүсэл зоригт сөргөөр нөлөөлөх талтай. Чанаргүй зээлийн үзүүлэлт бол эдийн засгийн бодит нөхцөл байдлыг илчлэх толь. Худалдааны салбарын зээл бусдаасаа давсанг иргэдийн амьжиргааны түвшин муудаж, худалдан авах чадвар буурсантай холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна.

Банкуудын хувьд чанаргүй зээлээ энэ хэвээр цаашид хадгалаад байх боломжгүй. Чанаргүй зээлийн уршиг их. Банк үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барихад хүргэдэг тул болгоомжтой хандахаас өөр аргагүй юм. Чанаргүй зээлийг хямдруулан авдаг актив удирдлагын компани байгуулах санаачилга 2015 оноос эхтэй. Улс орнуудын хувьд банкны салбарт тулгарсан хүндрэлээ санхүүгийн хямрал болгож, эрсдэл үүсгэхгүйгээр шийдэж ирсэн байдаг. Актив удирдлагын компани нь санхүүгийн хүндрэлээ хурдан шийдэх хугацаа хожих арга. Цаг алдах тусам чанаргүй зээл тэр хэрээр сорилт дагуулдаг. ОУВС-гийн зүгээс манай улсыг чанаргүй зээлээ шийдвэрлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байгааг зөвлөсөн. Үүнээс өмнө “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т актив удирдлагын компани байгуулах талаар тусгасан нь бий.

Активын чанар нь банк, санхүүгийн салбарын тогтвортой, эрүүл байдлыг илэрхийлж байдаг гол үзүүлэлтийн нэг. Ялангуяа чанаргүй зээлийн үзүүлэлт нь эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас ерөнхийдөө хамааралтай. Эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн түвшин, гадаад валютын ханш зэрэг макро эдийн засгийн хүчин зүйлээс хамаарч чанаргүй зээлийн хэмжээ хэлбэлзэх хандлагатай.

Өөрөөр хэлбэл, тухайн орны эдийн засгийн өсөлт удаашрах, ажилгүйдлийн түвшин өсөхөд зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж, улмаар чанаргүй зээлийн хэмжээ нэмэгддэг. Хэрэв чанаргүй активыг шийдэхгүй орхивол санхүүгийн хүндрэлийг гүнзгийрүүлж, хугацааг уртасгах, улмаар макро эдийн засгийг удирдахад илүү хэцүү болгодог гэмтэй. Чанаргүй актив хэлбэрээр эдийн засагт их хэмжээний нөөц түгжигдэж, цааш дахин хуваарилалтад орохгүй болох нь санхүүгийн хүндрэлийг уртасгадаг. Үүнээс гадна чанаргүй актив нь эдийн засагт зуучлалын үүрэг гүйцэтгэгч санхүүгийн системийг эмзэг болгож улмаар эдийн засгийн үйл ажиллагаанд саатал учруулж, цаашид сэргэхэд хүндрэлтэй байдалд унагадаг.

Азийн эдийн засгийн хямралын үеэр Индонези, Солонгос Малайз, Тайланд зэрэг оронд чанаргүй активыг шийдэх тогтолцоог нэвтрүүлсний дотор актив удирдлагын компани чухал байр суурь эзэлсэн байдаг. Актив удирдлагын компани гэдэг нь хүндрэлд орсон санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийг авч, санхүүгийн бүтцийн өөрчлөлт болон чанаргүй активын эргэн төлөлтийг хамгийн боломжийн дээд түвшинд хүргэх зорилготой хувийн эсвэл нийтийн байгууллага. Хэрэв чанаргүй активыг оновчтой шийдвэрлэж чадвал зээлдэгч болон зээлдүүлэгчээс гадна, нийт эдийн засагтаа ч өгөөжтэй үр дүнг авчирдаг. Иймд Азийн улс орнуудын бодлого тодорхойлогч нар өрийн бүтцийг өөрчлөх, үүнийг шийдвэрлэхэд анхаарч ирсэн нь өнөөдөр эдийн засагт нь илүү олон боломжийг бүрдүүлжээ.

Б.Мөнх

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*