Г.Ганбаяр: Гарааны бизнесийг хөгжүүлэхэд татвар, зээлийн хөнгөлөлт чухал

Энэ удаагийн “Бизнес хөгжил” буланд “Содон фүүдс” компанийн гүйцэтгэх захирал Г.Ганбаярыг урьсан юм.
-Танай компани кофеноос гадна амин дэмийн ундаа, цай үйлдвэрлэдэг. Бизнесээ анх хэрхэн эхлүүлж байв?
-2017 оны хоёрдугаар сард анх компаниа байгуулсан. Дөрөвдүгээр сараас бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийсэн. Ингээд наймдугаар сараас “Instant coffee” буюу нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан савалгаатай кофены үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Манай компани өдгөө 20 гаруй ажилтантай. Кофеноос гадна жимстэй, зөгийн балтай цай, жимсний ундаа үйлдвэрлэдэг.
Сав баглаа боодол болон цайнд ордог түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдээс авч байгаа. Харин кофеныхоо түүхий эдийг Солонгосоос татаж байна. Анх үйлдвэрээ байгуулахдаа манай улсаас гадагш гарч байгаа валютын урсгалыг сааруулахыг хүссэн юм. Одоогоор “Sodon classic”, “Sodon white”, “Sodon black” инстант кофе нь манай гол нэрийн бүтээгдэхүүн болж байна. Эдгээр кофе нь нэг удаа найруулж уухад зориулан савлаж, 250 гр усанд найруулж уухаар орцыг нь тохируулсан. Манай улсын “instant coffee” борлуулагдах зах зээлийн 50 хувийг дангаар хангахыг зорьж байна. Нэг удаагийн савалгаатай кофег хүн бүр хэрэглэдэг. Гэтэл үүнийг дагаад валютын урсгал нэлээдгүй гадагшилж байгааг анзаарсан юм. Тиймээс энэ мөнгөний урсгалыг дотооддоо шингээх хэрэгтэй учраас инстант кофег үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэн Солонгосоос технологи оруулж ирсэн.
-Үйлдвэрийн хүчин чадлын тухайд, мөн гарааны бизнес эрхлэхэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Одоогоор үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглахгүй байгаа. Өдөрт 50-60 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ер нь үйлдвэрээ байгуулахдаа гурван үе шаттайгаар зохион байгуулалтаа хийсэн. Хөрөнгө оруулалтаа энэ маягаар шийдвэрлэхгүй бол гарааны бизнес учраас тулгарах асуудал нь нэн тэргүүнд хөрөнгийн эх үүсвэр байсан. Тэгэхээр эхний шатанд эхлэлийн тоног төхөөрөмжөө суурилуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Дараа нь өргөтгөх ажлыг хийнэ. Хамгийн сүүлд автоматжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. Манайх хагас механик байдлаар ажиллаж байна. Мэдээж бизнес эхлүүлэх гэж байгаа учраас олон давааг давах шаардлага тулгарч байна. Аливаа зүйлд сайн, муу тал гэж бий. Манай компанийн хувьд гарааны бизнесийг дэмжих Засгийн газрын тогтоолын дагуу зарим үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө гэсэн байдаг. Үүний дагуу жижиг, дунд үйлдвэрийн санд бүртгүүлэн тоног төхөөрөмжийнхөө кодыг тааруулан гаалийн татвараас чөлөөлүүлсэн. Харин НӨАТ-ыг бол төлсөн. Энэ нь төрөөс үзүүлж байгаа нэг дэмжлэг гэж болно. Нөгөө талаар, гарааных байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран бизнес эрхэлж байгаа бол бүх төрлийн татварыг төлөх ёстой. Гэтэл гарааны бизнесийнхний хувьд өрсөлдөөнд ялах эсвэл тэсч үлдэхийн тулд нэлээдгүй бэрхшээлийг давах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, манай салбарт ижил төрлийн импортын бүтээгдэхүүнтэй үнээрээ өрсөлдөх шаардлага гарна. Мөн олон жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулан хөл дээрээ боссон үйлдвэрүүдтэй өрсөлдөнө гэсэн үг. Тиймээс бусдаас ялгарах онцлогтой, сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ санал болгох учиртай. Тэгэхээр түүхий эдийн сонголт болон валютын ханшийн өсөлт зэрэг эрсдлийг нарийн тооцоолох хэрэгтэй байна. Түүнээс гадна хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд зээлийн асуудал үүсдэг. Тэр дундаа гарааны бизнес эхлэхэд хэзээ ч зээл олдохгүй. Учир нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн туршлага дээр үндэслэн зээл олгох механизм нь эхлэлтийн бизнест боломж олгохгүй байх жишээтэй. Мэдээж бизнест эрсдэл бий. Гэсэн ч манай улс гарааны бизнесээ дэмжих талд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж боддог. Бусад орны жишгээс харж байхад, гарааны бизнесээ сайтар дэмжин тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажилладаг юм байна. Харин манай улсын хувьд компани байгуулсан тэр мөчөөс эхлэн бүх төрлийн татварыг төлж эхэлнэ. Энэ нь үйлдвэрийг хөгжүүлэх, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход чөдөр болж байна.
-Үйлдвэрлэл эрхлэгчид барааныхаа борлуулалтыг хэрхэн хийх талаар санаа зовохгүй байх нь чухал гэдгийг хэлдэг. Энэ талаар?
-Үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын нэг нь яалт ч үгүй борлуулалт. Гадны орны туршлагаас харвал, үйлдвэрлэгчид зөвхөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулдаг. Ингэснээр тухайн барааг илүү хөгжүүлэх боломжтой. Гэтэл манайд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсний дараа хэрхэн борлуулах вэ гэдгээ шийдэх болно. Ихэвчлэн сүлжээ дэлгүүрүүдээр борлуулалтаа хийж байна. Гэхдээ бид бараагаа тухайн дэлгүүрт хүргэж өгсний дараа худалдаалагдсан хэмжээгээр нь тооцоогоо хийдэг. Нэг талаас нь харвал болж байгаа мэт боловч нөгөө талдаа бас л асуудал бий. Өөрөөр хэлбэл, багадаа хоёр сарын хугацаанд саадгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болдог. Энэ нь гарааны бизнес эрхлэгчдэд хүнд тусдаг.
-Бизнесийнхний хувьд төрийн дэмжлэг чухал хэдий ч бодлогын төвшинд дэмжих ёстой гэдэг. Энэ талаар?
-Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь маш тодорхой, ойлгомжтой байх ёстой. Төр жишээлбэл, гарааны бизнес эрхлэхэд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ нэг бүрчлэн тодорхойлсон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татварын орчинд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь тодорхой байснаар гарааны бизнес эрхлэгч хэтийн төлөвлөгөөгөө боловсруулахад хялбар болно. Түүнчлэн шинээр бизнес эхэлж байгаа компанид зээл олгох нөхцөл нь ойлгомжтой байх шаардлагатай. Нэг үеэ бодвол төр зарим талдаа үйл ажиллагаагаа сайжруулсан нь анзаарагдсан. Тухайлбал, үйлдвэрлэл эрхлэх тухай албан бичиг хүргүүлэхэд түүнд хариу ирүүлдэг болсон байгаа нь сайн жишиг.
-Ер нь үйлдвэрлэгчид зөвхөн дотооддоо борлуулахаас гадна экспортод бүтээгдэхүүнээ гаргахыг эрмэлздэг. Танайх бүтээгдэхүүнээ гадны зах зээл рүү гаргах талаар судалсан уу?
-Тэгэлгүй яахав ирээдүйд үйлдвэрлэлээ өргөжүүлэн нэрийн бүтээгдэхүүнээ экспортлох нь бидний бас нэг зорилго. Жишээлбэл, Хятадын хойд хэсэг болох Өвөрмонголчууд манай улсын бараа бүтээгдэхүүнийг сонирхдог юм билээ. Яагаад гэвэл монголчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эрүүл, чанартай байдаг гэж үздэг. Нөгөөтэйгүүр, маш сайн хяналттай байдаг гэж дүгнэдэг болохыг нь бизнесээ эхлүүлэхээр судалгаа хийж явахдаа мэдсэн юм. Тэр зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд төрийн дэмжлэг хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар өөр бусад улс оронтой бараа бүтээгдэхүүнийг экспортолж, импортлох нөхцлөө сайн тохиролцон бизнесийнхнээ дэмжих учиртай гэж хардаг.
Д.Оюунчимэг

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*