Н.Цэрэнбат: Тусгай зөвшөөрлийг нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар олгодог болно

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аймгийн Засаг дарга нартай уулзаж, төлөвлөж буй ажлаа танилцууллаа. Засгийн газрын 100 хоногийн хүрээнд сайд нар аймгийн Засаг дарга нартай уулзаж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцож, асуултад хариулсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад аймгийн Засаг дарга нарын оролцоо чухал байгааг онцлоод байгалийн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт төвлөрдөг санхүүгийн эх үүсвэрийг байгаль хамгаалалд зарцуулахыг уриалсан юм. Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд 60 тэрбум төгрөг төвлөрдөг ч дөнгөж 30 хувийг нь зориулалтын дагуу буюу байгаль хамгаалалд зарцуулж байгаа нь чамлалтай тоо гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аймгийн Засаг дарга нарт сануулсан юм. Тиймээс цаашид энэ мөнгийг зориулалтын дагуу зарцуулахад хамтарч ажиллана гэдгээ найдаж байгаагаа тэрбээр хэллээ.

Мөн тэрбээр “Цаашид ус дахин ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны бага хүүтэй зээл олгох замаар техник технологийг нь сайжруулахаар дэмжиж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд даатгалын системийг энэ салбарт нэвтрүүлнэ. Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар шийддэг болно. Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хууль батлуулах үүргээ БОАЖЯ-ны хамт олон сайн гүйцэтгэж байгаа ч хэрэгжүүлэх, хяналт тавих тал дээр асуудал байна. Тиймээс аймгийн Засаг дарга нар та бүхэн маань хуулийг хэрэгжүүлэх тал дээр бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Өнөөдөр  сайд нар аймгийн Засаг дарга нартай цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх үүднээс үр дүнгийн гэрээ байгуулах юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*