Ц.Оюунбаатар: МАХН бол Д.Сүхбаатарын үүсгэн байгуулсан нам

МАХН–ын дэд дарга, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.
–Д.Сүхбаатарын мэндэлсний 125  жилийн ой болон энэ сарын 9-10-нд болох II  их  чуулганаараа танай нам ямар ажил зохион байгуулах вэ?
-Монгол Ардын хувьсгалын удирдагч, жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Д.Сүхбаатар бол ХХ зуунд Монголын тусгаар тогтнолыг олж авахад хүчин зүтгэж, хөгжил дэвшлийн үүдийг нээсэн агуу жанжин, төрийн зүтгэлтэн, цэргийн эрдэмд  нэвт боловсорсон хүн байсан. Монгол  Ардын хувьсгалыг толгойлж, Хиагтыг чөлөөлж, Бүх цэргийн жанжнаар ажиллаж байсан Д.Сүхбаатарынхаа үйл хэргийг МАХН нэр төртэй үргэлжлүүлж байна. Өнгөрсөн хугацаа­ны бүх түүх бол Монгол Ардын хувьсгалын түүх, МАХН-ын түүх юм.
Энэ түүхээс МАХН-ын нэрийг авч хаях гэх юм уу, түүний үйл хэргийг баллуурдах, эсвэл Д.Сүхбаатарын байгуулсан гавьяаг бүдэгрүүлэх гэсэн оролдлогууд янз бүрийн улс төрийн хүчний зүгээс хүчтэй явж байгаа. Үүнийг бид эрс шийдвэртэй няцааж ирсэн. Их жанжныхаа төрсөн өдрөөр манай нам хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Удахгүй МАХН-ын II их чуулганыг зохион байгуулна.  Энэ сарын 9-10-нд болох МАХН-ын  II их  чуулган зөвхөн Монголын ард түмний төдийгүй монгол орны хувь заяа, түүний цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой улсын хэмжээний арга хэмжээ болно. Бид 2016 оноос Монгол Улсын тавдугаар Үндсэн хуулийг  боловсруулан хэлэлцүүлж, 21 аймаг, 60 гаруй сумаар 60 мянган км замыг туулж хэлэлцүүлсэн. Бүгд Найрамдах Монгол Улсын  Дээд Үндсэн   хууль гэж нэрлэсэн энэ хуулийн  төсөлд  ард түмнээс ирүүлсэн 190 гаруй  мянган  саналыг тусган  нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцээд намынхаа их чуулганд оруулах гэж байна. Нийт ард түмнээрээ хэлэлцүүлэн  батлуулахын төлөө  бид зорьж байгаа юм. Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр өнөөдөр тулгамдаад буй эдийн засаг, нийгмийн хямрал дуусгавар болж  хөгжлийн  зам нээгдэнэ.
–Ямар зам байна?
-Оффшорчдын  гадаадад гаргаж нуусан  хөрөнгө, хулгайчдын өдөр бүхэн зөөж буй Монголын баялаг ард түмэнд, хүн бүрт очно. Баялагтаа эзэн болж чадахгүй байгаа учраас олигархиудад бүхнээ алдаад байна. Үүнийг Үндсэн хуулиар эцэслэнэ. Монгол хүнийхээ эрхийг дээдэлж, монгол  хүн  халдашгүй байх зарчмыг  баталгаажуулна. Ингэснээр хүн бүр эрхээ эдэлж, идэвхтэй байна гэсэн үг. Улстөрчид гэх хэдэн хүн, эсвэл нийгмийн баялгийг хулгайлдаг олигархиуд бус  нийт ард түмэн идэвхтэй байх хэрэгтэй. Бас нэг том зорилт нь хүний эрхийг өндөрт дээдэлнэ. Яльтай яльгүй шалтгаанаар хүний эрхэнд халдаж, хорьж цагддаг, элдэв байдлаар шахаж хавчдаг, үзэл бодлоор ялгаварлан төрийн албанаас зайлуулдаг явдлыг таслан зогсооно. Улс төрийн намыг хэт өндөрт тавьж, нам шүтэж амьдардаг тогтолцоог хална. Монголчуудын сүүлийн 27 жилийн түүх улс төрийн намыг үзэн ядах юм уу хэт шүтэх, эсвэл авлига өгч албан тушаалд очдог, тендер, эрх мэдэл худалдаж авдаг бохир зүйлд идэгдсэн. Энэ бол МАНАН-тай холбоотой. Улс орныг авлига, оффшорын үүр уурхай болголоо. Бүх шатанд, тэр бүү хэл сургууль, цэцэрлэгт ч авлига нүүрлэсэн ийм улс Африкт ч байхгүй.
–Анхан шатны нэгж болох сум, хороонд засаг захиргааны нэгжүүдийг байхгүй болгохоор төлөвлөж, Үндсэн хуульд оруулсан гэв үү?
-Улс төрийн нам зөвхөн аймаг, нийслэл, УИХ-ын сонгуульд л оролцохоор хуульд оруулсан. Сум, хороо, багийн ард түмнийг талцуулдаг байдалд цэг тавина. Хүн амыг үзэл бодол, намын харъяаллаар ялгаварлан гадуурхдаг фашист, коммунист үзэл бодлоос сална гэдгийг Үндсэн хуулиар тунхаглан зарлаж байгаа. Хамгийн гол нь өнөөгийн нийгмийн уур бухимдлын бай болсон УИХ-ыг өөрчлөн зохион байгуулахаар хуульчилсан. Тухайлбал, УИХ-ыг хоёр шаттай болгож, хууль тогтоох байгууллага Улсын Бага хуралдай буюу байнгын ажиллагаатай парламент байна. Энэ нь 51 хүний бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн хуульч, эдийн засагчдаас бүрдсэн хууль тогтоох байгууллага юм. Үүний дээр Монголын ард түмнээс нам бусаар шууд сонгогдсон бүх сум, аймаг, хороо, дүүргийн төлөөлөл бүхий 500 орчим хүнтэй, байнгын бус үйл ажиллагаатай Улсын Их хуралдай байх юм. Энэ нь жилд дөрвөн удаа хуралдаж, Улсын Бага хуралдайн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгнө. Засгийн газрын гишүүдийн ёс зүйн асуудалд хяналт тавина. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.
–Өөрөөр хэлбэл, ард түмэн хууль тогтоох байгууллагаа шууд хянана гэсэн үг үү?
-Цэц гэж олонх болсон намд найр тавьдаг, худалдагдсан тогтолцоо өнөөдөр итгэл найдвараа алдчихлаа. УИХ-ын нэр хүнд, ёс зүй шалбааг боллоо. Хүчихийлэл үйлддэг, төрөөс хулгай хийдэг, хулгайч луйварчдын  цуглуулга тэнд орчихсон эрх барьж байна. Тэд МАН, АН-ыг санхүүжүүлдэг.  Энэ нөхцөл байдлаас гарах арга зам нь ард түмний шууд хяналтаар байгуулагдах Их хуралдай юм. Ингэхдээ ротаци хийх замаар шинэчлэн жирийн иргэд сонгогдоод явах нь зөв. Түүнчлэн төрийн аудитыг боловсронгуй болгох, шүүх засаглалыг ард түмнээс шууд сонгох, Хүний эрхийн хороог ард түмнээс сонгох, Сонгуулийн байгууллагыг Хүний эрхийн байгууллагаас санал болгож байгуулах зэрэг дэвшилттэй, ардчилсан  зохицуулалтыг Үндсэн хуульд оруулсан. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ, айл болгонд хүргэж, бүгдээрээ хэлэлцээд хуулиа баталж чадвал бид хямралаас гарч чадна. Эс тэгвээс олигархжсан, оффшоржсон хэдэн хүний гараас гарахгүй, хөгжил ирэхгүй.  Тиймээс МАХН-ын II их чуулган, түүгээр хэлэлцэх Дээд Үндсэн хууль, намын дүрэм хамгийн ардчилсан, хамгийн шударга зохицуулалтуудыг нээж өгч байгаа юм.Дээр нь бид хууль, шүүхийн байгууллагыг шударга болгох, ялангуяа улс төрийн сөрөг хүчнээ намнадаг, агнадаг, чагнаж  тагнадаг, элдвээр дарамталдаг тогтолцооноос салахгүй бол тэр байдал өнөөдөр ч үргэлжилж байна.
–Тухайлбал?
-Өнөөдөр БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснийг нь буруутгаад  байна. Засгийн газрын тогтоолоор хэн нэг сайдыг буруутгах  боломжгүй.  Авлигын эсрэг хуулийг 2008 онд УИХ-ын дарга Р.Гончигдоржийн захирамжаар ажлын хэсэг гарч боловсруулсан, би анхны төслөөс нь эхэлж ажилласан. Харамсалтай нь үүнийг улс төрийн хамгийн  бохир хүчин амин хувийн сонирхолоо гүйцэлдүүлэх,  сөрөг хүчнээ дарах хэрэгсэл болгож албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан. Зохиомол хэрэг үүсгэдэг, улстөрчдийн захиалгаар сөрөг хүчнээ хэлмэгдүүлдэг явдлыг АТГ өнөөдөр хийж байгаа. Тэдэнд  эрх зүйн чадамж,  хууль зүйн мэдлэг дутагдалтай  байна. Үүнийг бид залруулах ёстой. Монголчуудаа, монгол  хүнээ, тэр тусмаа шударга ёс, үнэнийг ярьж байгаа эх орончдоо барьж хэлмэгдүүлдэг явдал  1930-аад оноос хойш харьцангуй намжмал байсан бол сүүлийн жилүүдэд, тухайлбал 2012 оноос идэвхжиж,  хийж  ирснийг зогсоох ёстой. Хууль зүй, дотоод хэргийн  сайд Ц.Нямдорж “Цагдаа, АТГ  улс төрийн хүчний захиалгаар үйлчилдэг харгис цагдаа боллоо” гэж шүүмжилсэн. Ерөнхий сайд нэр дэвшихдээ мөрдөгдөж, чагнагдаж байсан асуудлаа  хэлж, Монголын төр мафи, улс төрийн намуудын компани болчихжээ гэсэн.  Энэ үнэн шүү дээ. Үүнийг өөрчлөх  ажлыг  хийж эхлээгүй хэвээр байна,  хэлмэгдэл үргэлжилж   байгаа. Үнэхээр шударга ёсыг хүсч байгаа бол Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар үүнийгээ  анхааралдаа авах ёстой. Засгийн газрын тогтоол гарсаны төлөө хэн нэг сайдыг хэлмэгдүүлж болохгүй. Өөр бусад сайдын шийдвэртэй холбогдуулж бусдыг захиалгаар, зохиомлоор хэлмэгдүүлж байгаа асуудалд тэр хүмүүст эргээд хариуцлага ирнэ шүү дээ.
–Өчигдөр Сүхбаатарын талбайд болсон жагсаалд та оролцож үг хэлсэн. Түүний өмнө УИХ–ыг тараая, АН–ын бүлэг Их хурлаас гар хэмээн  шаардсан. Тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Шатахууны үнийн хөөрөгдөл, татварын нэмэгдэл, барааны үнийн өсөлт, УИХ,Засгийн газраас авсан оновчгүй арга хэмжээг эсэргүүц­сэн өргөн хэмжээний жагсаал боллоо. Бид 2000 гаруй хүн оролцсон МАХН-ын удирдах ажилтны зөвлөгөөнөөрөө энэ асуудлыг авч хэлэлцээд, УИХ бол авлигачин, хүчирхийлэгч гэмт хэрэгтэн, ёс суртхуунгүй хүмүүсийн цуглуулга болсон. Монгол төрийг сонгох сонгуульд иргэдийн саналыг 20-50 мянган төгрөгөөр худалдаж авсан, бүх нийтийн авлигын кампанит ажил болсон учраас өнөөдрийн УИХ хамгийн нэр хүндгүй байна гэж үзэж тарах шаардлага тавьсан. Энэ асуудлаар  шаардлага тавьж, шүүмжилж байгаа хүмүүстэй бид санал нэг байгаа. Хамтарч хэвлэлийн хурал хийхдээ, АН-ынхан, түүний дотор УИХ-д сууж байгаа Ардчилсан намын есөн гишүүнд “Та бүхэн манлайллаа үзүүлж, нэр хүндгүй, ард түмний дургүйцлийг хүлээсэн УИХ-аасаа эхлээд гар” гэсэн шаардлагыг тавьсан. Шаардлага олон нийтэд хүрч дэмжигдэж байна. Сая Ерөнхийлөгчийн  зүүн аймгуудад хийсэн  уулзалтад  оролцсон иргэд бүгд УИХ-ыг тараая, хүчирхийлэгч, оффшорчдыг тарааж өгөөч гэсэн шаардлага тавьсан. Улаанбаатар хотод хийсэн уулзалтууд дээр нь ч энэ асуудал яригдсан. Бид нийслэлийн иргэд, намын гишүүдтэйгээ уулзахад түүхэнд байгаагүй нэр хүндгүй энэ УИХ-ыг тараахыг биднээс шаардсан. Шударга сонгууль явуулахыг иргэд хүсч байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэчнээн мөнгөөр шахсан ч  эх орноо худалдахаа болъё, авлигачин, оффшорчдын гар хөл болж байхаа болъё гэсэн сэтгэлзүй маш хүчтэй явлаа. МАН-аас нэр дэвшигч яаж ч мөнгө тараагаад дэмжигдсэнгүй. Харин МАХН-ын  нэр дэвшигч С.Ганбаатар үнэхээр ялсан. Сонгуулийн цахим сүлжээг хааж байгаад 14 мянган хүний саналыг луйвардчихсан. Энэ том хэргүүдийг, 60 тэрбум, оффшорын хэргийг шалгахгүй байж зүгээр л улстөрчдийг хөөж, ангуучилж, айлгаж  байгаа бусармаг явдлыг бид эсэргүүцнэ. Энэ хавар  суулт, том тэмцлүүд зохион байгуулна. МАХН үүнд хатуу байр суурьтай байгаа. Монголынхоо ард иргэд, өнцөг булан бүрт  бид хүрч ажиллаж байна. Тиймээ тэмцэл, суултыг МАХН манлайлж ажиллана. Мэдээж сөрөг хүчний хувьд бусад улс төрийн нам, хөдөлгөөнтэй хамтарна. Гурван том хүчний хувьд аль нэг намыг дагаж, эсвэл оролцох маягаар хандахгүй. МАХН бол улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг олж ирсэн, өнөөгийн амжилт ололтын давуу байдлыг бий болгосон улс төрийн хүчин. Бид  МАНАН-гийн  сүлжээг таслан зогсоож, монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүрсэн үндэсний том өөрчлөлтийг хийж, шинэ Дээд Үндсэн хуулиа баталж, ард түмнээ, хүн болгоныг үзэл бодол, яс үндэс, нас хүйсээр ялгаварлахгүйгээр элбэг хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Жирийн иргэндээ хүрэхгүй юм бол байгалийн баялгаа гадагш зөөх шаардлагагүй. Хэдхэн олигарх, авлигачин баяжих явдлыг таслан зогсооно. Оюутолгойн 51 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой. Тавантолгой нийт монголчуудын өмч байх ёстой. Ийм учраас байгалийн баялгийг дундын өмч болгон тунхаглан зарлаж, үүнийгээ хэрэгжүүлнэ. Жирийн монгол хүний эрх ашгийн төлөө ажиллахаас өөр эрхэм зорилго МАХН-д байхгүй.
Ч.Зотол

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*