С.Чулуун: Монголчууд үнэт зүйлээ нэгтгэж чадвал хөгжинө

“Зууны мэдээ” сонин монголчууд өөрсдийгөө судалъя гэсэн асуудал дэвшүүлж цуврал нийтлэл, ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаа ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунтай ярилцлаа.
-Монголчууд түүхээ  судалдаг ч  өөрсдийгөө судалдаггүй. Та үүнтэй санал нийлэх үү?
-Монголчууд өнөөдөр  өөрийгөө хайх, таньж мэдэх их аянд мордож байна. Нэг хэсэг нь өөрийгөө яаж хайхаа мэдэхгүй байх шиг. Энд хоёр л зүйл бий, өнгөрсөн түүхээ болон бусдыг  таньж  мэдэх. Аливаа ард түмэнд өөрийгөө олох гэж чухал зүйл байна.
Өөрийгөө олсон хүн үнэ цэнэтэй, бусдыг ойлгож хүндэлдэг, тодорхой үнэлэмжтэй байдаг. Монголчууд 1990 он хүртэл тодорхой үзэл суртал, онолд хөтлөгдөж байсан учраас түүнийг дагасан үнэлэмж байсан. Түүнээс хойш, ялангуяа шинжлэх ухаан /нийгмийн шинжлэх ухаан/-ы түвшинд энэ үзэл онол алдагдаж олон салбар уналтад орсон. Түүнийг дагаад үзэл баримтлалын зөрчилд орж, эрэл хайгуулд мордсон. Түүнтэй адил монголчууд өнөөдөр өөрсдийгөө хайсаар байгаа. Өөрсдийгөө хайх гэдэг маань бид өөрсдийн үнэ цэнийг хараахан олж чадаагүй. Үнэ цэнээ олж чадаагүй хүмүүс үнэлэмж, үнэт зүйлтэй болж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр төр, засгийн  шатанд ч, нийгэмд ч болж бүтэхүй зүйлүүд гараад байгаа нь үндсэндээ үнэт зүйлээ алдчихсаны илрэл.
-Монголчуудын  үнэт зүйл хаана байна, бидний  бахархал  юу вэ?
-Бидний үнэт зүйл өнгөрсөнд байгаа. Өнгөрсөнд гэдэг маань аль нэг сайн, эсвэл муу түүхийг жишээлэхээс илүү бид хаанаас гаралтай вэ, бид хэн байсан юм бэ, хэн байгаа юм бэ, хэн болох юм бэ гэсэн өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээсийг зөв таньж мэдэх хэрэгтэй. Энэ нь хүн болгон түүхээ хар гэсэн үг биш, хүн өөрийн ертөнцдөө өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд зөв үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг байвал асуудал ойлгомжтой болно. Өнөөдрөөр амьдарна гэдэг үнэ цэнэ нь тухайн өдөрт л дуусна. Маргаашийг бодож, нөгөөдрийг тунгаадаг хүн ирээдүйн тухай төсөөлөлтэй байна. Өнөөдрийн цаг хугацаа бол ирээд мордож байгаа хэсэгхэн хором. Ирээдүйн урт удаан хугацаанд оршин тогтнох үнэлэмжтэй зүйлийг бүтээхийн төлөө, тийм зүйлийг бодож зорьж  байгаа хүн  өнөөдөр ёс бус зүйл хийж чадахгүй. Түүнтэй адил Монголынхоо ирээдүйн тухай бодно гэдэг нэг үеийн дараа биш, 50, 100 жил биш, хэдэн зуунаар оршин тогтнох тэр үндсийг л бодож зорьж байгаа  үйл хэрэг юм.  Чингис хаан агуу их Эзэнт гүрнийг байгуулснаасаа   илүү ирээдүйг нь тодорхойлох хэцүү байсан гэдэг. Яаж өөрийн байгуулсан Эзэнт гүрнийг авч явах вэ гэдэг асуудал тулгарсан. Өөрийнх нь бодсон тухайн үеийн  зөв хувилбар юу байв гэвэл, тодорхой вант улсуудыг байгуулах байсан. Тэр нь нэг газар бүгдээрээ байх аваас Цагаадай, Зүчийн зөрчил шиг болох, өөрөөр хэлбэл өвөр зуураа  өвсөнд хучивч үхэр шиншихгүй, өөхөнд хучивч нохой шиншихгүй болтлоо доройтох вий гэж болгоомжилсон учраас Зүчийн угсааг Алтан ордонд, Цагаадайн угсааг Тэнгэр ууланд, ирээдүйн Ил хаант улсыг Ираны ертөнцөд хуваан хуваарилсан. Энэ нь  магадгүй нэг талаас Эзэнт гүрэн 200 жил оршин тогтнох үндэс болсон ч юм бил үү. Түүнтэй адил монголчууд өөрсдийгөө судлах, өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө үнэ цэнийг олж авах л хамгийн чухал юм. Өөрийгөө таньсан хүн буруу үйлдэл хийхгүй. Яагаад гэвэл, хийх үйлдлээс тухайн хүний үнэ цэнэ хамаарна.
-Монгол хүн өөрийгөө хэн бэ гэдгийг харах өөр ямар үндэс байна, бидэнд юу дутагдаж байна вэ?
-Бусдыг ойлгох нь өөрийгөө таних бас нэг үндэс юм. Манай угсаатны зүйн шинжлэх ухаан, нийгэм соёлын хүн судлалын ухаанд эцсийн зорилго юу вэ гэхээр бусдыг ойлгох гэж байгаа.  Түүний дараа чи бусдын соёлыг ойлгоно, бусдын соёлыг ойлгож, хүндэлж байж чи  өөрийнхөө ертөнцийг улам илүү  таньж мэднэ. Ийм учраас эдгээр шинжлэх ухаан Монголд хөгжих нь маш чухал. Бидэнд мөнгө дутаагүй, байгалийн баялаг дутаагүй. Монгол хамгийн аюулгүй, шашны зөрчилгүй, үндэстний зөрчилгүй, байж болох бүх таатай нөхцөл нь байна. Гол нь үнэ цэнэ буюу Монгол өөрийгөө үнэлэх үнэлэмж  дутаж байна. Монголын төр, монгол хүн өөрийгөө таньж мэдэж, өөрийнхөө үнэт зүйлийг нэг болгосон цагт л хөгжинө. Монголчууд   одоо ч биш, үеийн үед хүн байхын утга учрыг ихээхэн бодож байсан шиг байгаа юм. Хүн байх, хүнээр хүн хийх, хүнийг яаж бий болгох, үнэ цэнэтэй, үнэлэмжтэй байлгах бүх зүйлийг Монголын нийгмийн бүх үе давхаргад хийж чаддаг байсан. Тиймээс Монголд хулгай  гэж байгаагүй юм шүү дээ, ХХ зууны эхэн үед. Согтуу, хөлчүү хүн гэж байсангүй. Өнөөгийнхний харанхуй бүдүүлэг, хоцрогдсон тэнэг  гэж үзээд байгаа тэр нийгэмд ийм үнэ цэнэ байсан. Өнөөдөр Монгол эрх чөлөөтэй, хүн төрөлхтөнтэй ижил тэгш харилцаж байгаа атлаа энэ үнэ цэнээ алдчихсан. Америк, Европ, Хятад, Орос бүгд  өөрийн үнэ цэнэтэй. Монгол хүний үнэ цэнэ юу юм бэ. Монголдоо хайртай, эх орон минь үнэ цэнэтэй  гэж бүгд л ярина. Тэр үнэ цэнээ үнэлэмж болгож,  амьдралын дэг болгон  оршиж байна уу гэвэл үгүй.  Хүн болгон өөрийн хийж байгаа ажил, өмнөө зорьж буй зорилгыг үнэ цэнэ, үнэлэмж болгож чадах юм бол нийгэм хөгжинө.
-Үнэ цэнэ буюу үнэлэмжийг бий болгоё гэвэл ямар  гарц, шийдэл байж болох  вэ?
-Үнэ цэнэ, үнэлэмжийг бий болгох зүйл бол үндэсний хэмжээний музейнүүд. Монголын бахархал, үнэ цэнэ, үнэлэмжийг бий болгох зүйлүүдийг бид хийх хэрэгтэй. Телевизүүдийн контентийг нэмж байгаа нь үндсэндээ түүнд чиглэсэн зүйл шүү дээ. Өнгөрснөөсөө залхвал ирээдүйг биднээс бүр салгана. Үүнд л ялгаа нь оршиж байгаа юм. Манайхны  зарим нь төвөгшөөдөг. Өөр хаанаас бид үнэ цэнээ хайх юм. Энд ямар ч арга байхгүй. Чингис хаан тухайн үеийн дэлхийн хүчтэй оюун санаатны нэг  Чан Чун Бумбатай  уулзахдаа ганцхан үг хэлсэн нь “Би шинэ улс  байгуулснаар  агуу их болчихоогүй. Хүннү, Сүннүгийн үеэс байгуулсан төр улсаа л авч явж байгаа” гэж. Тэр хүн мянган жилийн цаадтайх үнэ цэнээ хайж олж ирж чадсан байна. Гэтэл бид өчигдрийнхөө ч үнэ цэнийг авч явж чадахгүй байна. Үнэ цэнэ гэдэг чинь насны эрэмбээр хуримтлагддаг туршлага шүү дээ. Түүн шиг түүх бол монголчуудын оршин байхын хөрс туршлага. Бидэнд бусдаас давуу сайн тал бий. Хэзээ ч хуурамч зүйлийг  бодит болгож босгож ирэх гэж байгаа биш, бидэнд бэлэн түүх байна. Түүнийгээ таньж мэдэж чадаагүй.
-Үүнд шинжлэх ухааны байгууллагын үүрэг ч бас байх ёстой?
-Манай судлаачдын хувьд үнэ цэнэ, үнэлэмжээ олоход тэр үзэл суртал руу ямар нэгэн “изм” шингээгээгүй түүхийг гаргаж өгье гэж зорьж байгаа. Тийм учраас дэлхийд тархсан олон өв соёлыг олж түгээн дэлгэрүүлье, түүхийг нь зөв залж өгье гэж хичээж байна. Дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн Хубилай, Өндөр гэгээн хоёрыг хаана хэн муулж байна гэвэл, Монголд л муулдаг шүү дээ. Гэтэл дэлхий тэднийг магтдаг. Тэгэхээр бид ямар үнэ цэнэтэй байх вэ. Иймд Хубилай хааны ойг зөв хийж, хүмүүст зөв ойлголт өгье. Өндөр гэгээний ойг тэмдэглэж, зөв ойлголт өгье гэсэн түүхэн үүргийг бид биелүүлэхийн төлөө ажилладаг. Түүхчид судалгаанаас  гадна нийгэмд үнэ цэнэ, үнэлэмжийг олуулахад  туслах ёстой. Үүрэг нь тэр. Мэдээж хүч харьцуулшгүй л дээ, 30 түүхч, гурван сая иргэнд хүрч ажиллахад дутагдалтай. Гэхдээ бид илүү сайн ажиллаж нийгмийнхээ үндсэн суурийг бэлдэж өгөх ёстой. Энэ үүднээс зорьж, хичээж ажилладаг. Дөнгөж сая л гэхэд Тайваньд хадгалагдаж байгаа 600 мянган дурсгал дотроос Монголд хамаатай гурван мянган дурсгалыг манай судлаачид  олж илрүүлсэн. Удахгүй гурван боть ном гаргана. Дэлхийн толгой музейнүүдэд байгаа Монголынхоо өвийг таниулъя, өөрсдийгөө үнэлдэг болъё, хойч үе маань бахархдаг болно. Эрмитажид ирэх жилийн арваннэгдүгээр сард дэлхийн хэмжээний үзэсгэлэн гаргана. Монгол Улс дэлхий ертөнцөд өөрийгөө харуулах бүрэн боломжтой. Энэ бүгдийг хайж, бий болгож чадвал Монгол хөгжинө. Эцэст нь хэлэхэд, монгол хүн өөрийгөө хайж, таньж   олох  хэрэгтэй.
Ч.Үл-Олдох

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*