Харааны бэрхшээлтэй хүмүүсийн зам ч зориулалтын байх учиртай

Хүн амьдралдаа олон зүйлийг анзааралгүй өнгөрөөдөг. Тухайлбал, Явган хүний замаар гарахад нэг хэсгийг нь арай өөр өнгийн хавтангаар шигтгэн, хээг нь хөндлөн болгосон байдаг. Тэр хэсгийг яг юуны учраас ийм өөр байдгийг мэддэггүй байсныг танил нэгнээс сонсч байв. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж явган хүний замыг ийн бусдаас өөрөөр хийж тохижуулдаг аж. Энэ учрыг мэдсэнээс хойш тэр замыг хаа явсан газартаа анхаардаг боллоо. Гэтэл тэр замаар халтиргаа гулгаа ихэссэн үед харааны бэрхшээлтэй байтугай жирийн нэгэн иргэн явахад хэцүү аж. Саяхан МУБИС-ийн хажуугийн автобусны буудлаас  Бөхийн өргөө хүртэл алхлаа. Тэгтэл хараагүй иргэдэд зориулсан замыг тавихдаа гөлгөр гадаргуутай материал ашиглажээ. Энэ нь өвлийн халтиргаа гулгаатай нөхцөлд иргэдийг гэмтээж бэртээх вий дээ гэсэн бодол төрсөн юм. Дээрээс нь тэр тусгай зориулалтын зам хогийн сав, сурталчилгааны хаяг, хуудас наасан төмөр багана, тайрсан мод зэргийг дайран өнгөрсөн байх нь элбэг. Ийм байхад хараагүй хүн яаж аюулгүй зорчих билээ дээ. Ер нь манай улсын төрийн үйлчилгээний байгууллага, бүтээн байгуулалт хийсэн компанийнханд иргэдээ хайрлах сэтгэл дутаад байх шиг. Тиймээс ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Бидэнд  эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бий, ийм орчныг бүрдүүлж өгөөч” гэж төр засгаас хүсдэг нь хоосон хийрхэл биш юм. Явган хүний зам, түүний эргэн тойрон дахь тохижилтыг гүйцэтгэж байгаа байгууллага, хүлээн авсан хүмүүс ч тэр үнэхээр иргэнээ гэж бодсон бол өвлийн цагт халтирахгүй, хараагүй хүн явахад өмнө нь ямар нэгэн саад бэрхшээл учруулахгүйгээр зохицуулж, төлөвлөж хийж болох л байсан даа гэж санагдах юм.

Г.Нямсүрэн

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*