Өмнөговийн Булган, Сэлэнгийн Мандал сумын гар бөмбөгчид тэргүүллээ

Сонирхогчдын улсын аварга шалгаруулах сум дундын гар бөмбөгийн тэмцээнд Өмнөговь аймгийн Булган, Сэлэнгэ аймгийн Мандал сумын тамирчид тэргүүн байрын эзэд боллоо.

Энэхүү 100 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг энэ сарын 3-7-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулсан юм. Тэмцээнд 108 сумын эрэгтэй, эмэгтэй 2000 орчим баг тамирчид өрсөлдөж аваргаа шалгаруулсан. Эрэгтэй алтан медалийн эздээр шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг тамирчид нутгийнхаа өрх толгойлсон эхэд иж бүрэн гэр авч өгөхөөр болсон нь бахархууштай үйл явдал байлаа.

Эмэгтэй баг тамирчдаас нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Булган сум, хоёрдугаар байрт Баянхонгор аймгийн Жинст сум, гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Манлай сумын баг тамирчид тус тус тодорлоо. “Эмэгтэй шилдэг холбогч”-оор Өмнөговь аймгийн Манлай сумын холбогч А.Бурмаа, “Эмэгтэй шилдэг довтлогч”-оор Баянхонгор аймгийн Жинст сумын Л.Рэнцэндулам тус тус тодорсон юм.

Эрэгтэй багуудаас тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Мандал сум шалгарсан бол хоёрдугаар байрт Хөвсгөл аймгийн Их-Уул сум, гуравдугаар байрт Дундговь аймгийн Гурвансайхан сум тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

“Эрэгтэй шилдэг холбогч”-оор Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Р.Батдорж, “Эрэгтэй шилдэг довтлогч”-оор Хэнтий аймгийн Бэрх сумын С.Сүхбат нар шалгарсан байна.

Д.Өлзий

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*