Д.Ганбаяр: “Хайрын улаан сарнай”-гийн аяыг онгоцонд зохиож байлаа

“Хурд” хамтлагийнхан цэргийн баярыг “Цэргийн бодол” дууныхаа 40 жилийн ойтой хамтатган энэ сарын 17-нд Улаанбаатар паласын концертын танхимд ганцхан удаа тоглохоор болжээ. Тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай ярилцлаа.
-Та бүхэн эмэгтэйчүүдийн баярын өдрөөр тоглолт зохион байгуулж, бэлэг барьсан. Энэ удаа эрчүүддээ зориулж, тоглолт зохион байгуулахаар болжээ. “Цэргийн бодол” дуу 40 жил болж байгаа юм байна. Танай хамтлагийн хувьд байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?
-Өнөө жилийн анхны тоглолтоо сая эмэгтэйчүүдийн баяраар хийлээ. Энэ онд төлөвлөсөн олон зүйл байна. “Хурд” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд олон ажил төлөвлөсөн. Орон нутаг, гадаадын орнуудаар аялан тоглолтоо толилуулах бодолтой байна. Ер нь их өрнүүн ажил ихтэй жил өнгөрөх байх. Бидний хувьд 25 жилийн ой дахиж тохиохгүй. Тиймээс бид Монголдоо болон гадаадад хийх аялан тоглолтоо баримтат кино болгон буулгах төлөвлөгөөтэй байна.
-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд танай хамтлаг хэчнээн дуугаар урын сангаа баяжуулав?
 -Өнгөрч буй хугацаанд 15 цомог гаргасан. Нэг цомогт 15,16 орчим дуу багтсан гэж бодохоор 200 гаруй дуутай юм байна. Тоглолтоор гадаад руу онгоцонд явахдаа ч зохиосон дуу бий. Ер нь “Хурд”-ын дуу бүрийн цаана түүх бий. Тухайлбал, анх удаа Солонгост тоглолтоо хийчихээд буцах замд онгоцонд явахдаа манай Д.Отгонбаяр “Хайрын улаан сарнай” дууны аяыг зохиосон. Мөн 1972 оны үед гудамжинд хийсч явсан сонины тасархайнаас “Зураг шиг бүсгүй” дууны үг олдож байлаа шүү дээ.
Энэ мэт олон сайхан түүх бий. Тэр бүрийг яривал их хугацаа шаардана.
-Танай хамтлагийн “Цэргийн бодол” дуу анх хэрхэн бүтэж байсан бэ?
-1977 онд хилийн цэргийн … дугаар ангид манай ах алба хааж байхдаа нөхөдтэйгөө хамт энэ дууны үгийг зохиож байсан юм. Энэ дуу бүтсэнээс хойш 40 жил өнгөрчээ. “Цэргийн бодол” бол энгийн л нэг дуу. Эгэл жирийн цэргийн амьдрал дундаас бүтсэн. Гэхдээ энгийн юм бүхэн агуу гэдгийг энэ дуу илэрхийлдэг учраас “Хурд” тоглолт бүр дээрээ дуулдаг. “Цэргийн бодол” дуугүйгээр тоглолт дуусдаггүй. Үзэгчид энэ дууг сонсч байж тоглолт бүтэн болдог юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд 1997 оны улсын баяр наадмын шоу тоглолтын үеэр 30 мянга гаруй үзэгчтэй хамт дуулж байлаа.
-“Цэргийн бодол 40 жил” тоглолтод урилгаар оролцох уран бүтээлч байгаа юу?
-Бид мартагдсан хуучны дуунуудаа дуулна. Сайн мартагдсан зүйл бол цоо шинэ зүйл гэдгийг үзэгчдэдээ хэлмээр байна. Манай хамтлагийн өмнө нь гаргаж байсан дуунуудыг фэнүүддээ дахин шинэ байдлаар сонсгохыг хүсч байгаа юм. Үзэгчдээс ч тэр бүр дуулаад байдаггүй эх орон, цэрэг эрсийн сэдэвтэй дуу дуулуулахыг их хүсч байдаг. Ер нь “Хурд”-ын тоглолтын үеэр өөр уран бүтээлч ирж дуулдаггүй. Үзэгчид ч үүнийг хүсдэггүй. Хүмүүсийн цагийг барж байгаа биш. Үзэгчдийнхээ хүссэн бүх дууг нь сонсгоё л гэж боддог.
Г.Нямсүрэн

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*