“Усыг нь уувал ёсыг нь дага”

Иргэд сурах, аялж зугаалах, эмчилгээ хийлгэх, хөдөлмөрлөх зэрэг зайлшгүй шаардлагаар аль ч улс оронд зорчдог. Манай орны хувьд хилийн дээс алхаж буй иргэдийн дийлэнх нь амьдрал ахуйгаа сайжруулж, дээшлүүлэх зорилготой. Ингэхдээ тодорхой мэдээлэлгүй, анхаарал болгоомжгүйн улмаас онгоцоор тээвэрлэхэд хориотой зүйлийг ачаандаа багтаадаг тохиолдол олон гардаг. Мөн хэн нэгэн танилынхаа хүсэлтээр ачаа авч явах нь ч эрсдэлтэй. Дотроос нь хориотой бараа бүтээгдэхүүн гарсан тохиолдолд тухайн орны хил дээр хүндхэн асуудалд орж, ихээхэн хөрөнгө мөнгөөр хохирдог. Саяхан Солонгос улсын байцаагчид Монгол Улсаас очсон зорчигчдын тээшийг нэг бүрчлэн шалгаж, зарим бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. Түүн дотор хиам, лаазалсан мах зэрэг хүнсний төрлийн бүтээгдэхүүн нэлээд харагдаж байв. Тиймээс хилийн дээс алхахаар төлөвлөж буй уншигчдадаа мэдэхэд илүүдэхгүй мэдээллийг товчхон хүргэе.

Хилээр гарахад рентген туяагаар зайлшгүй шалгадаг учир төмөр эдлэл биедээ авч явахгүй байх нь зүйтэй. Мөн боловсруулаагүй эсвэл дахин боловсруулалт хийх бараа материал, мал амьтан, ургамлын гаралтай болон үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, химийн болон цацраг идэвхит бодис, шилжмэл генитэй хүнсний бүтээгдэхүүн зэргийг хилээр гаргадаггүй. Тухайлбал, АНУ-ын хувьд олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйл зэргийг оруулахыг хориглосон байдаг. Монгол иргэний хувьд АНУ-ын хилээр гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор чихэр, гурилан болон мах, махан бүтээгдэхүүн, архи, зэргийг хилээр оруулж улмаар хураалгах тохиолдол түгээмэл гардаг байна. Усыг нь уувал ёсыг нь дага гэж үг бий. Иймд аливаа улс орны хилээр нэвтрүүлэх боломжгүй, хориотой бараа бүтээгдэхүүн авч явах, хэн нэгэнд дайж өөрт болон бусдад хүндрэл учруулахгүй байцгаая.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*