Эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг Дэлхийн цомын хүрэл медаль хүртжээ

Японы Такасаки хотноо амралтын өдрүүдэд болсон Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон манай баг хүрэл медаль хүртжээ.

Монгол бүсгүйчүүд, америк бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Харин удаагийн хүрэл медалийн төлөөх гурав дахь халз барилдаанд 6:4-өөр яллаа.

17 дахь удаагийн ДЦАШТ-д Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед гэсэн найман орны баг өрсөлдсөн юм. Монголын эмэгтэй бөхчүүд “В” хэсгийн эхний тойрогт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румын улсын шигшээг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд ОУХМ Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалан ялснаар тоог 4:1 болгосон.  Харин гавьяат тамирчин П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Форрест Молинарид цэвэр ялагдснаар байдал тун эвгүй болсон ч 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж явсан ч мушгиж хоёр оноо авч, улмаар даралтад оруулж багтаа  чухал ялалтыг авчирлаа.

Мөн гавьяат тамирчин О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулган авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд спортын мастер О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдаж, манай баг 6:4-өөр ДЦАШТ-ий хүрэл медалийн эзэд болов.
Д.Өлзий

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*