Бодлогын хүү хаашаа эргэх вэ?

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 23-ны өдөр хуралдахаар болжээ. Одоогоор бодлогын хүү 11 хувьтай байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар хүүг бууруулах болов уу гэх хүлээлт өндөр байгаа юм. Учир нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал илаарьшиж, бодлогын хүүгээр эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар инфляц улсын хэмжээнд жилийн дүнгээрээ 6.9 хувийн өсөлттэй байна. Мөн гадаад валютын улсын нөөц 2018 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 2804.3 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгдээд байгаа юм. Төв банк хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сард болсон мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 12 хувиас 11 хувьд хүргэж бууруулсан билээ.
Тэгвэл бодлогын хүү ЭДИЙН засагт хэрхэн нөлөөлөл үзүүлдэг вэ. Энгийнээр тайлбарлавал бодлогын хүү гэдгийг төгрөгийн суурь үнэ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл,
иргэн А иргэн Б-ээс мөнгө зээлье гэвэл хамгийн багадаа Монголбанкны бодлогын хүү буюу 11 хувийн хүүгээр авна гэсэн үг. Харин онолын түвшинд бол бодлогын хүү гэдэг нь Төв банкны үнэт цаасны хүү юм. Аль ч улсын төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол суваг нь ТБҮЦ байдаг.
Үүгээр дамжуулж, төв банк эдийн засагт хэр хэмжээний мөнгө эргэлдүүлэх вэ гэдгээ шийдвэрлэдэг. Хэрэв ТБҮЦ-ны хүү буюу бодлогын хүү өндөр байвал банкууд илүү ихээр худалдаж авна. Тэр хэрээр төв банк банкууд дахь эх үүсвэрийг өөр дээрээ төвлөрүүлж, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг хумина. Харин бодлогын хүүгийн түвшин бага байвал банкууд ТБҮЦ авах бус аж ахуйн нэгжүүдэд зээл олгохыг илүү сонирхоно гэсэн үг. Тэр хэрээр эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх юм.
Товчхоноор бол банкууд мөнгөө төв банкинд хадгалуулсныхаа төлөө авч буй хүү нь төв банкны бодлогын хүү юм, Хүү өндөр байх тусам банкууд эрсдэлгүй, найдвартайгаар нь төв банкинд мөнгөө хадгалуулж, иргэн Доржид мөнгө зээлүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Зээл олголоо ч маш өндөр шаардлагатай, өндөр хүүтэйгээр олгоно. Банкнаас иргэн Доржид олгох зээлийн хүү нь төв банкны бодлогын хүүнд суурилж, нэмэх нь ашигт ажиллагаа, эрсдэлийн хэмжүүр, үйл ажиллагааны зардал, эх үүсвэрийн зардал зэргийг шингээснээр тогтоно.
Монголын жишгээр бол бодлогын хүү 11 хувь байгаа үед банкуудын зээлийн дундаж хүү жилийн 20 орчим хувь дээр тогтож байна. Энэ утгаараа зээлийн хүү өндөр тогтож байгаа нэг шалтгаан нь төв банкны бодлогын хүү болж байна гэх шүүмжлэл бий. Гэхдээ бодлогын хүү өндөр тогтож байгаа шалтгаан нь Монголын эдийн засаг дахь эрсдэл гэдгийг шинжээчид хэлдэг.
2016 оны сүүлээр Монголын эдийн засагт ихээхэн эрсдэл хуримтлагдаж, иргэдийн төгрөгт итгэх итгэл унаж, ам.долларын ханш чангарч байв.
Монгол Улс хугацаа нь тулсан өрөө хэрхэн төлөх нь тодорхойгүйн дээр олон улсын байгууллагууд Монголын зээлжих зэрэглэлийг бууруулсан хүнд үед төв банкны удирдлага бодлогын хүүг огцом нэмэгдүүлж, төгрөгийг хамгаалах шийдвэр гаргасан. Тухайн үед 10.5 хувь дээр тогтож байсан бодлогын хүүг төв банкны шинэ удирдлагууд 2016 оны наймдугаар сард 4.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн билээ.
Харин түүнээс хойш эдийн засаг тогтворжиж, өр төлбөрийн асуудлууд шийдэгдэж, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Үүнийг дагаад төв банк бодлогын хүүгээ аажмаар бууруулсаар ирэв.
2016.08-р cap: 15 хувь /4.5 нэгж хувиар өсгөсөн/
2016.12-р cap: 14 хувь /1 нэгж хувиар бууруулсан/
2017.03-р cap: 14 хувь /хэвээр үлдээсэн/
2017.06-р cap: 12 хувь /2 нэгж хувиар бууруулсан/
2017.12-р cap: 11 хувь /1 нэгж хувиар бууруулсан/
2018.03-р cap: ?
Эдийн засгийн өндөр өсөлттэй, аж үйлдвэржсэн улс орнуудад төв банкны бодлогын хүү үндсэндээ 2.0 хувиас хэтэрдэггүй. Үүнийгээ дагаад зээлийн хүү, инфляцын түвшин нь ч бас жилийн 3-4 хувиас хэтэрдэггүй гэхэд болно. Харин эдийн засгийн хямралын үед төв банкууд уламжлалт бус бодлого явуулах, цаашилбал, бодлогын хүүг хасах түвшин рүү хүргэж байсан ч удаатай. Хасах хүүгийн бодлогыг энгийнээр тайлбарлавал банкууд чөлөөт эх үүсвэрээ төв банкинд найдвартай хадгалуулсныхаа төлөө төв банкнаас хүү авах бус хүү төлнө гэсэн үг.
Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын байдлаар бодлогын хүүгийн түвшин Японд -0.10 хувь, Швейцарт -0.75 хувь, Шведэд -0.50, Испанид 0 хувь гэх зэргээр тогтож байна. Эдгээр улсууд бодлогын хүүгээр дамжуулан эдийн засгаа аль болох дэмжих, хямралаас гаргахыг зорьж байна гэсэн үг. Тэгвэл манай урд хөршийн бодлогын хүү 4.35 хувьтай байгаа бол ОХУ-ынх 7.5 хувьтай, АНУ-ынх 1.5 хувьтай байна.
Мэдээж тухайн улсын эдийн засгийн чадавх, эрсдэлийн хэмжүүрээс шалтгаалж, бодлогын хүү харилцан адилгүй тогтдог. Тухайлбал, Аргентинд бодлогын хүү нь 27.25 хувьтай байгаа бол гипер инфляцад өртсөн Вэнэсуэл улсын төв банкны бодлогын хүү 21.19 хувь, Украинд 17.0 хувьтай байна.
Манайх шиг хөгжиж буй улсуудын хувьд бодлогын хүүгийн түвшин дунджаар 7 орчим хувьтай байх нь элбэг. Хэрвээ инфляц тогтворжиж, эдийн засаг өсөөд эхэлбэл, манай улс ч бас бодлогын хүүгээ нэг оронтой тоо руу оруулах боломжтой юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*