Халаа сэлгээ… ХЗДХЯ

“Зууны мэдээ” сонин яамдын бүтцийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа ХЗДХЯ-ыг онцоллоо.
“Хүний эрх, шударга ёс, хөгжлийн төв”-өөс гаргасан мэдээллээр 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш төрийн албаны нийт 22235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14 мянган албан хаагч ажлаасаа халагдсан.Тэдний нөхөн төлбөрт 8.8 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгажээ. Харин АТГ-аас нийтийн албанд томилогдохоор мэдүүлгээ гаргасан албан хаагчдын мэдээллээс үзвэл,  ХЗДХЯ хамгийн олон мэдүүлэг ирүүлснээр толгой цохиж байна. Энэ нь тус яам дотроо 11 агентлаг, газартай, ажилтан албан хаагч олонтой холбоотой байх. Салбар дотроо төдийгүй албан тушаал ахих, буурах, шилжих, шинээр томилогдох хүсэлтээ баталгаажуулахаар АТГ-т хандсан   газруудыг Цагдаагийн ерөнхий газар тэргүүлж  350 удаа  албан  бичиг хүргүүлжээ. Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газар 50, Зэвсэгт хүчний жанжин штаб 46, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 43, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 40 , Хууль зүй, дотоод хэргийн яам 21 мэдүүлэг  тус тус  хүргүүлжээ.
Ц.Нямдорж сайд тамгаа гардаж аваад эхний ээлжинд  хэвлэлийн төлөөлөгч, туслах, зөвлөх, зарим газрын дарга нараа сольсон ч мэдээллийг гадагш гаргахгүй байх үүргийг нэлээд хатуу өг­сөн сураг дуудсан. Удалгүй  Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлөнгүүтээ эргүүлээд Хууль сахиулахын их сургуулийн захирлаар то­мил­сон. Түүний оронд тус сургуулийн захирал С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилж байв. Үүний зэрэгцээ Хууль сахиулахын их сургуулийн дотор ч бүтцийн өөрчлөлт хийсэн байдаг. Үүнийг дагасан шилжилт  хөдөлгөөн ч цөөнгүй. Зарим багш нар нь ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн рүү шилжжээ. Түүнчлэн цагдаагийн байгууллагад дарга нарын албан тушаалын ээлжит томилгоогоор  Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг Цаг­даагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Сүх­баатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлт­сийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Налайх дүүргийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон юм.ЦЕГ-ын харъяа газруудаас “Сүлд” спорт  хороо  тамирчин, дасгалжуулагч, албан хаагчдаа халж, сольсон нь өдгөө удирдлагын түвшинд хэл, ам таталж, өргөдөл гомдол болж байгаа сурагтай. Ажлаас гар­сан, халагдсан хү­мүүсийн дотор улсын арс­лан Х.Мөнхбаатар, заан О.Одгэрэл нар байгаа аж.
Хууль,хүчний байгуул­лагын халаа, сэлгээтэй хамт  Тагнуулын ерөнхий газарт хийгдсэн бүтцийн өөрчлөлтийг Ц.Нямдорж сайдтай холбоотой гэлцдэг. Тухайлбал, сайдтай сөргөөцөлдсөн ТЕГ-ын дарга Б.Хурц ажлаа өгч, дэд дарга, бригадын генерал Б.Доньжчимбууг  албанаас чөлөөлсөн. Удалгүй Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар явуулж,  оронд нь  Д.Гэрэлийг, дэд даргаар АТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Наранбаатарыг томилсон юм. Дээд шүүх, Нийслэлийн шүүх, Захиргааны хэргийн  шүүхээс тэтгэврийн  нас болсон шүүгчдийг чөлөөлсөн. Мөн Улсын  ерөнхий прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай тэтгэвэртээ гарч  түүний оронд Баян­зүрх дүүргийн прокуророор ажиллаж байсан О.Алтангэрэлийг томил­сон зэрэг өөрч­лөл­түүдийг хийжээ. Мөн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очирыг чөлөөлж,  оронд нь хурандаа Г.Элбэгсайханыг томилсон юм.
Шилжилт, хөдөл­гөөний хүрээнд Гадаадын  иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлтэй  хамтран Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар, Өмнөд бүс дэх газар болон Говь-Алтай, Сүхбаатар аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах албан хаагчдын сонгон шалгаруулалтыг явуулсан. Үүгээр Өмнөд бүс дэх газрын даргын албан тушаалд Л.Дамдинсүрэн, Зүүн бүс дэх газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд Х.Ургааг, Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд Т.Баяржаргал нарыг томилоод байна. Харин Архивын ерөнхий газарт  Д.Хоролдамбыг даргаар томилсноос  өөр хөдөлгөөн хийгээгүй бололтой.  Харин Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал цагдаагийн хурандаа Х.Өлзийбаярыг ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Д.Батжаргалыг томилжээ.
Ч.Зотол

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*