Гадаад харилцааны чиглэлээр холбогдох албаныханд зориулсан сургалт боллоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, 9 дүүргийн удирдах албан тушаалтан болон гадаад харилцааны  асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Сургалтыг Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс хамтран жил бүр зохион байгуулдаг билээ. Тус арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад бодлого нэгдмэл цонхоор гардаг байх ёстой. Дэлхийн бусад улс оронд ч гэсэн өөр улс оронтой харилцахдаа гадаад бодлого нь нэгдмэл байдаг. Бид бүхэн яг тэрхүү жишгийг дагаж ажиллах ёстой. Нэг бодлого, төлөвлөлт, зохицуулалтаар ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Улаанбаатар бол Монголын Улсын нийслэл. Нийслэлд ямар үйл явдал болж байна тэр бүгд Монгол Улсын үйл явдал болдог” хэмээн онцоллоо.

Энэ үеэр “Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт” ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, “Байгууллага хоорондын гэрээний асуудал” Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөр, “Иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний асуудал” Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг, “Дипломат ёслолын асуудал” сэдвээр Дипломат ёслолын газрын 1 дүгээр нарийн бичгийн дарга О.Эрдэнэсамбуу нар илтгэл тавьж, харилцан ярилцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*