Ойн талбай хоёр дахин багасчээ

Дэлхийн ойн өдөр өчигдөр тохиож, энэ хүрээнд “Тогтвортой хот ба ой-Хүүхэд залуучуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо. Энэ жил ойн өдрийг дэлхий нийтээрээ “Ой ба тогтвортой хотууд” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 11.8 хувь буюу 18592.4 мянган га талбай ойн сангийн газарт хамаардаг. Үүнээс түймэрт шатсан ой 1196.8 мянга, мод бэлтгэсэн талбай 124.1 мянга, хөнөөлт шавжинд нэрвэгдсэн талбай 95.7 мянга, байгалийн гамшигт нэрвэгдсэн ой 0.9 мянган га талбайг эзэлж байна. Мод тухайн экосистемийн уушги учир байгалийн аялал жуулчлал, амралт сувилал хөгжүүлэх гол нөөц төдийгүй ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, тунадсыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг экологийн ач холбогдолтой аж. Гэтэл хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассанаар хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвчиж, улмаар аадар борооны дараа гол мөрөн үерлэж эргээд хурдан хатаж хуурайших болжээ. Монгол орны ойн нөөцийн хомсдлын гол шалтгаан нь хууль бус мод бэлтгэл, түймэр, хортон шавьжийн хөнөөл юм байна. Ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос хоёр дахин багасчээ.
С.Аз

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*