“Эх дэлхийн цаг” маргааш болно

Дэлхий дахинаа жил бүр зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш буюу гуравдугаар сарын 24-нд 20:30-21:30 цагийн хооронд болно.

“Эх дэлхийн цаг” буюу “Earth Hour” нь Дэлхийн байгаль хамгаалах сан (World Wide Fund for Nature, WWF)-raac жил бүр зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд гуравдугаар сарын сүүлчийн бямба гарагт болдгоороо онцлогтой. Уг үйл ажиллагааны гол онцлог нь энэ өдрийн тогтоосон цагт дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс нэг цагийн турш гэрэл болон бусад цахилгаан хэрэгслээ унтраадаг. Энэхүү үйл ажиллагаа дэлхий нийтийг манай гарагийн цаг уурын өөрчлөлтөд анхаарлаа хандуулж, экологийн асуудлуудыг шийдвэрлэхэд нэгдэн нягтрах шаардлагатай гэдгийг сануулж буй аж.

“Эх дэлхийн цаг” нь байгаль дэлхийдээ хайр гамтай байхыг уриалсан бэлгэдэл төдийгүй, эх дэлхийнхээ уур амьсгалыг хадгалах, хязгаарлагдмал нөөцийг нь хайрлахад шийдмэг арга хэмжээ авахыг уриалж буй үйл ажиллагаа билээ. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн эко системд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөө 2003 оны чиг хандлагаараа үргэлжилбэл 2050 он гэхэд хүн төрөлхтний эрчим хүч, ус, хүнсийг хангаж, хог хаягдлыг агуулахын тулд дахин өөр гараг хэрэг болно. Тиймээс эх дэлхийгээ энэ хэвээр нь хадгалан үлдэхийн тулд бүхий л түвшинд мэдээлэл хүргэх шаардлагатай.

Харин маргааш болох энэхүү арга хэмжээгээр дэлхийн өнцөг булан бүрт аж төрдөг хүн бүр байгалийн нөөц хомсдож байгаа асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлж, эрүүл гарагийн нөлөө “саналаа өгөх” юм.

Хүрээлэн буй орчноо хамгаалах тэмцэлд эв санаагаа нэгтгэж, нэг цагийн турш цахилгаанаа салгах санаачилгыг хамгийн анх Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан бодож, 2007 онд Австралийн Сидней хотод цар хүрээтэйгээр хэрэгжүүлсэн байна. Харин дараа жил нь уг арга хэмжээг 35 орны 100 сая гаруй хүн дэмжсэнээр олон улсын экологийн санаачилга болж чаджээ. Тэр цагаас хойш арга хэмжээ улам бүр тэлсээр олон улс, хот, хүмүүс нэгдсээр ирсэн байна.

Тэгвэл өнөөдөр “Эх дэлхийн цаг” нь манай гарагийн экологийн хамгийн том үйл ажиллагаа болж чаджээ. Уг арга хэмжээнд дэлхийн 184 улсын 7,000 орчим хотын хоёр тэрбум гаруй хүн оролцдог болсон байна. Ийнхүү 2017 он гэхэд “Эх дэлхийн цаг” нь хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том арга хэмжээ болжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр хийгддэг болохоор хүмүүс ямар цахилгаан хэрэгслээ унтраахаа өөрсдөө шийддэг. Харин хотуудын засаг захиргаа хотын объектуудын гэрэлтүүлгийг унтраах санаачилга гаргадаг байна. Арга хэмжээг зохион байгуулагчид аюулгүйн зорилгоор гудамжны гэрэлтүүлэг, агаарын чиглэлийн гал, гэрлэн дохио зэргийг унтраахгүй байхыг зөвлөдөг. Энэ үеэр дэлхийн хотууд түүх дурсгалын газрын гэрэлтүүлгийг хүртэл нэг цагаар унтраадаг байна. Эдгээрийн тоонд Нью-Йоркийн “Эмпайр-стэйт-билдинг”, Сан-Францискогийн “Алтан хаалга” гүүр, Ромын Колизей, Сиднейн Дуурийн театр, Бангкокийн “Ват-Арун” буддын сүм, Стокгольмын Хааны ордон, Лондоны Сити-Холл, Парисын Эйфелийн цамхаг, Афины Акрополь зэрэг ордог.

Хэдийгээр нэг цагийн турш гэрэл унтрааснаар дэлхийн экологийн байдал илт сайжрахгүй ч энэхүү арга хэмжээ нь манай гарагийн иргэдэд цахилгаанаа хэмнэснээр агаарт цацагдах хорт хаягдлаа бууруулах, сэтгэл зүтгэлтэй хүн бүр эх дэлхийнхээ эрүүл мэндийг хадгалахад хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Нэмж хэлэхэд 2011 оныг хүртэл уг үйл ажиллагааны лого нь “60’’-ын тоотой адилхан харагддаг байлаа.

Өөрөөр хэлбэл хүмүүс эх дэлхийдээ 60 минутыг зарцуулж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд арга хэмжээ авч буйг илтгэжээ. Гэвч “Эх дэлхийн цаг” нь жилд нэг удаа нэг цаг гэрэл унтраахаас ч илүү арга хэмжээ учраас 2011 оноос эхлэн логог нь “60+” болгон өөрчилжээ. Энэ нь арга хэмжээнд оролцогчдыг заавал нэг цаг гэлтгүй түүнээс ч илүү алхам хийж, усаа хэмнэх, нийтийн тээвэр түлхүү хэрэглэх, хог хаягдлаа ангилан ялгах хэрэгтэй гэдгийг сануулж буй юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*