Э.Болорчулуун: “Газрын харилцаа” хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулна

Өнгөрсөн нэгдүгээр сард “Газрын харилцаа” хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан. Тус хэлэлцүүлгээс нийт 560 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлтийн байдлын талаар өнөөдөр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэлтэс, дүүргүүдийн Газрын албаны нийт албан хаагчиддаа танилцууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр ирсэн өргөдөл, гомдлын 41 хувь буюу 230 нь газар шинээр хүссэн, 20 хувь буюу 112 нь газрын маргаан шийдвэрлүүлэх, 14 хувь буюу 80 нь орц, гарч чөлөөлөх, 8 хувь буюу 45 нь эрх шилжүүлэх, хугацаа сунгах, 7 хувь буюу 38 нь газар өмчлөх хүсэлт, 1 хувь буюу 6 нь албан хаагчтай холбоотой асуудал, 9 хувь буюу 49 нь санал хүсэлт, лавлагаа авах, газрын хэмжээ байршил өөрчлөх хүсэлт байна. Дээрх 560 өргөдөл гомдлын 56-г шийдвэрлэсэн, 39 нь шийдвэрлэх шатандаа, 313 нь шийдвэрлэх боломжтой, 152 нь судлагдан хүлээгдэж байгаа юм. Судлан хүлээгдэж буй 152 асуудал нь холбогдох байгууллагуудаас хариу авч байж шийдвэрлэхээр хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалтын газар нутаг, үерийн хамгаалалтын бүс, инженерийн шугам сүлжээний бүсүүдэд шинээр газар хүссэн мөн шүүхийн шатанд хянагдаж байгаа газрын маргаантай учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр шийдвэрлэх боломжтой хүсэлтүүд байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Хэлэлцүүлгийн үр дүнд иргэд мэдээлэл муу, тэр бүр дүүргүүдийн Газрын албанд ирж мэдээлэл авч чаддаггүй, зөвлөгөө мэдээлэл авах боломж гардаггүй гэх мэт асуудлуудаас үүдэн, мэргэжлийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авч чадахгүй байна. Зарим тохиолдолд мэдээлэлгүйгээсээ болж хохирох явдал ч гарч байна. Тиймээс нийслэлийн төвийн зургаан дүүргийн Газрын албад дүүрэг тус бүр дээр улирал тутам “Газрын харилцаа” хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байхыг үүрэг болгож” байна гэв. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэхгүй түргэн шуурхай үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор үнэн зөв мэдээллийн иргэдэд хамгийн ойроос мэргэжлийн байгууллага цаг тухайд нь хүргэх боломж бүрдэнэ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*