Түрүү морьдоо ч тодруулж чадаагүй “Дүнжингарав”-ын дуулиан БАЯРТАЙ

“Дүнжингарав” хэмээх хаврын морин уралдаан шөнө дөлөөр болсон гэх асуудал нийтийг хамарсан хэрүүл, хэлэлцүүлэг болтлоо өргөжсөн ч энэ нь ердөө долоо хоног үргэлжлээд өдгөө мартагдах шатандаа шилжив.
Хэл ам дэгдээх хамгийн гол шалтгаан нь харуй бүрийгээр бариа хийсэн соёолонгийн уралдаан байсан ч өнөө хэр нь айргийн таван морио нэрлэж чадахгүй байгаа нь ёстой хоржоонтой юм шүү. Уралдаан болох нь болсон. Болохоор барахгүй улсын хэмжээнд анхаарал татаж асуудал үүсгэсэн атал хэний морьд түрүүлж барианд орсныг нь тогтоож чаддаггүй ээ.
Хурдан морины уралдааныг өвөл, хаврын хатуу цагт явуулахыг Засгийн газар хориглоод байгаа ч уяачдын хувьд улсын цол ахихад хэрэгтэй учраас шахаж шаарддаг гэх шалтгаан байх тул хоригийг үл харгалзан холбооны зүгээс зохион байгуулсан гэдэг тайлбарыг хэлж байгаа. Зохион байгуулах нэг хэрэг. Хэл ам татлахгүйгээр зохион байгуулах нь бүр тусдаа хэрэг.
Хурдан морины унаач хүүхдүүд мориноос унаж бэртээд зогсохгүй автомашинтай мөргөлдсөн хэрэг гарсан нь соёолонгийн уралдаан түрүү морьдоо тодруулж чадаагүйгээс долоон дор хэрэг юм. “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулагчид нь Засгийн газар зөвшөөрөл өгөөгүйгээс болоод цагдаа, хүчний хамгаалалт дутагдсанаас л ийм юм боллоо гэх маягийн гомдол хэлж байгаа. Мэдээж Засгийн газар зөвшөөрлийг нь өгөөгүй учраас хариуцлага хүлээхгүйгээ мэднэ.
Тэгэхээр соёолонгийн уралдааныг хойшлуулъя гээд байхад л хоноглох газар байхгүй, хол ойроос ирсэн хүн мал хэцүүднэ гэх зовлонгоор түрээ барьж, харанхуйд уралдахыг зөвшөөрсөн уяачид болон унаачид буруудаж таарна. Нэгэнт зөвшөөрөл өгөөгүй Засгийн газар 100 хувь буруугүй, соёолонгийн уралдааныг хойшлуулъя гээд ч хорьж дийлээгүй зохион байгуулагчид бараг буруугүй.
Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулагчдын хэлж байгаагаар тус уралдааныг үзэхээр 40 мянга гаруй хүн цугласан, автомашины тоо 15 мянгад хүрсэн гэж цагдаагийнхан мэдээлэл өгч байгаа аж. Өмнөх жил тус уралдааныг зохион байгуулахад Засгийн газрын тогтоол гарсан учраас 500-600 цагдаа хамгаалалтад гарч, зөвшөөрөлгүй машиныг уралдаан дагахаас сэргийлж байжээ. Тэгвэл энэ жилийн хувьд цагдаа, хүчний хамгаалалт дутсанаас хүндрэл гарсан гэж зохион байгуулагчид үзэж байх юм.
Үнэхээр ч энэ жилийн “Дүнжингарав”-ын их насны морьдын уралдааны үеэр морь, машины Хөлөөр маш их тоос босож үзэгдэх орчин муудсанаас уралдааны зам дээр машин морь мөргөлдсөн осол гарч, унаач хүүхэд хүнд бэртсэн. Харамсалтай нь, уг ослыг гаргасан автомашиныг цагдаагийнхан олж тогтоож чадахгүй байгаа аж. Харин азаар хүүхдийн бие гайгүй болж, эмнэлгээс гарах бичгээ хийлгэснийг Морин спорт, уяачдын холбооны удирдлагууд дуун дээр мэдээлж байна.
Засгийн газар нь хориод ч дийлдэггүй хавар, өвлийн морин уралдаан гээч нь зохион байгуулалтаа ч хийж чаддаггүй, морь, машинаа ч ялгаж дөнгөдөггүй, эцэс сүүлдээ бүр айраг, түрүүний морьдоо ч тодруулж чаддаггүй хачирхалтай байдалд оржээ.
Тээр хол суманд зохион байгуулж байхад тэгж их үзэгч зорьж очин цугладаг юм бол нэг мөсөн тасалбар тараагаад тойруулгад зохион байгуулдаг бизнес болгочхож болдоггүй юм уу? Хурдан моринд үнэ хөлс зарж, жилийн турш уяж сойдог мэргэжлийнхэн бий болчхоод байгаа атлаа “Макс”-ын Ганбаатар шиг дэлхийн дэвжээнд гарч уралдвал ер нь яадаг юм бэ?
Хөөрхий адуучид нь аймаг, сумандаа морио уяж сойгоод ч жилийн дөрвөн улиралд тэжээлээр бордуулдаг тасархай хурдан морьдын тоосноос сугарч чадахгүйд хүрээд байгаа шүү дээ. Ардын наадмыг нь адуучдад нь үлдээгээд хурдан моринд хөрөнгө мөнгөө зарж, хоббигоо болгосон “шинэ цагийн уяачид” маань тойруулгадаа, эсвэл дэлхийн дэвжээндээ гарах цаг болсон байх аа. Ингэх гэхээр бас болдоггүй гэх шалтаг ярьцгаах л байх.
Уг нь “эрийн гурван наадам” гэж нүүдэлчин монголчуудын сайхан уламжлал байлаа. Хүн малын зоо тэнийдэг зуны гуравхан сардаа зугаа цэнгэл болгон морио уралдуулж, бөхөө барилдуулж, цэц мэргэнээ сорьж түүгээрээ баясдаг тийм уламжлал. Харин үүнийг улсын цол олгодог, бай шагнал алдар нэр дагадаг, бэл бэнчинг хэмждэг өрсөлдөөн болгосноос хойш хэрүүл тэмцэл дагалддаг айхавтар зүйл болон хувирлаа даа.
А.Алиман

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*