Шинээр автотээврийн хэрэгсэл өмчилж авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ – 5

Монгол улсад “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээд шинээр автотээврийн хэрэгсэл өмчилж авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Уг журамд зааснаар Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ: Үүнд:

  1. Импортоор оруулж ирсэн шинэ автотээврийн хэрэгслийн техникийн паспорт, үйлдвэрлэгчийн дагалдах бичиг;
  2. Ашиглагдаж байгаад импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тухайн улсын эрх бүхий байгууллагаас техникийн шаардлага хангаж байгааг тодорхойлсон дүгнэлт, бүртгэлээс хассан тухай тодорхойлолт, тэмдэглэл;
  3. Гаалийн бүрдүүлэлт хийснийг нотлох мэдүүлэг, баримт;
  4. Дипломат болон олон улсын байгууллагуудын тухайд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг;
  5. Монгол Улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийн хувьд техникийн паспорт, авто тээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар олгосныг баталгаажуулсан баримт;
  6. Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;
  7. Улсын тэмдэгтийн хураамж, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
  8. Автотээврийн хэрэгсэлд улсын дугаар авах талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;
  9. Өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  10. Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  11. Тусгай тоноглол суурилагдсан тээврийн хэрэгслийн хувьд нэмэлт төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан дүгнэлт шаардагдана.

Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэх автотээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл нь стандартын шаардлага хангаагүй, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй юм.

Харин Зөрчлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*