АН-аас хөөгдөх дараагийн гишүүн хэн бэ?

Ардчилсан нам дотооддоо нэлээд бужигнаантай байна. Үндэсний бодлогын хороо буюу ротацийн сонгууль зохион байгуулж, намын нэр бүхий гишүүдээ гадуурхаж эхэллээ. Түүнээс гадна намын нэр хүндийг унагасан асуултын тэмдэгтэй улстөрчдийг шууд намаасаа хөөчихдөг боллоо. Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой Швейцарийн дээд шүүхийн шийдвэрийн талаар “Ройтерс” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Тэгвэл энэ мэдээлэл олон нийтэд хүрсний дараа нэг их удалгүй АН-аас мэдээлэл хийж, С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хассан шийдвэрээ танилцуулсан.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж үзлээ. Тиймээс С.Баярцогтыг намаас хасах шийдвэр гаргасан” гэлээ.
Харин С.Баярцогт “Хуулийн байгууллагын эцсийн байдлаар шийдээгүй байхад АН ийм шийдвэр гаргасанд харамсаж байна” гэсэн юм.
Харин АН энэ шийдвэрээ намаа цэвэрлэж эхэллээ гэх мэтээр их гоёор нэрлээд байгаа. Тэгвэл С.Баярцогтын араас хэн АН-аас хөөгдөх бол. Уул уурхайн томоохон гэрээнүүдтэй холбогдон, хуулийн байгууллагаар шалгагдаж буй гишүүдээ хөөж байгаа юм бол С.Баярцогтын араас Ч.Сайханбилэг хөөгдөх магадлалтай байна. Ч.Сайханбилэг АН-ыг эрх барьж байх хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Түүнийг АТГ-аас Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгаж байгаа юм.
Мөн Ерөнхий сайд байхдаа Тавантолгой цахилгаан станцын ажлыг гацаасан, Өмнөд бүсийн эрчим хүчний тухай гэрээг хууль бусаар өөрчилж, УИХ-д танилцуулаагүй
гэж нэр бүхий гишүүд үзэж, байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгэхээр АН-аас хөөгдөх дараагийн гишүүн Ч.Сайханбилэг байж магадгүй.
Харин түүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “явах” магадлалтай байна. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон “888”’ зэрэг төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн ч зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн байдаг.
Ийнхүү хэрэг зөрчил асуудалд холбогдсон гишүүдээ хөөж, нэрээ цэвэрлэж буй АН-аас “явах” хүмүүсийн нэлээд урт жагсаалт гарч ирж болзошгүй байна.
Т.Батсайхан

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*