Умард Солонгосын удирдагч Хятадад айлчилж байж магадгүй

Даваа гарагт буюу өчигдөр Хятад улсын нийслэл Бээжин хотод Умард Солонгосын нэгэн өндөр дээд албан тушаалтан галт тэргээр ирсэн гэж дипломат эх сурвалжууд мэдээлж байна гэж Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Эх сурвалжуудын таамаглаж буйгаар, Хятадад айлчилж буй энэ хүн нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өөрөө эсвэл түүний дүү Ким Ёо Жон байж магадгүй.

Хятадын “Твиттер” буюу “Вэйбо”-д шар судалтай, хар ногоон өнгийн галт тэрэгний зураг тавигджээ. Үүнтэй адил галт тэрэгний зургууд нийгмийн сүлжээнүүдээр тархаж, хүмүүс үүнийг “Умард Солонгосын галт тэрэг мөн” гэж ярьцгааж байна.

Өчигдөр орой Бээжин хотын төвд аюулгүй байдлыг чангатгаж, Ардын их хурлын танхимаас төрийн зочдын өргөө рүү 10 хар автомашиныг цагдаагийн мотоциклийн цуваа дагаж явсан гэнэ.

Хятад болон Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар чимээгүй байна. Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньинаас энэ тухай асуухад “Би мэдэхгүй байна” гэж хариулжээ.

Ким Жөн Ун нь Умард Солонгосын удирдагч болсноосоо хойш нэг ч улс оронд айлчлаагүй байгаа юм.

2011 онд түүний эцэг Ким Жөн Ир дээрхтэй адил өнгийн галт тэргээр Бээжинд очиж байжээ. Ким Жөн Ир Хятадад айлчиллаа гэж түүнийг нутаг буцсаных нь дараа Хятадын тал мэдэгдэж байсан аж.

Г.Доржханд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*