М.Оюунчимэг: Буух эзэн, буцах хаягтай хүнд цахим орчинд байр сууриа илэрхийлэх боломжийг хуулиар олгоно

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган удахгүй эхэлнэ. Өмнөх ажлынхаа үр дүнг эргэж харах нь зүйтэй болов уу. Таны хувьд УИХ-ын намрын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэсэн бэ?
-Улс орны нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй, хариуцлагатай болгоход чиглэсэн олон хуулийг хэлэлцэн батлахын зэрэгцээ заримд нь нэмэлт өөрчлөлт оруулсан үр дүнтэй чуулган болсон. Жишээлбэл, улсынхаа санхүү эдийн засаг, бизнесийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс олны анхаарал татсан, багагүй маргаан дагуулсан Төв болон арилжааны банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг онцолж байна. Эдийн засаг, санхүүгийн залилан, татварын хөнгөлөлт нэрийн дор мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн болон гаднаас авсан зээлийг хууль бус зарцуулах, өөрсдөө хөлждөг байдал нь эргээд улсын эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгааг сүүлийн хэдэн жил харлаа. Үүнийг цэгцэлж шийдвэрлэхэд хүсэл зориг, хариуцлагатай ажиллах чухал байсан. Иргэдэд олгодог зээлийн хүү өндөр атлаа өөрсдийн охин компаниар дамжуулан бизнес хийж буй тохиолдолд зээлийн хүү нь бага байх жишээтэй. Банкууд охин компаниараа дамжуулан уул уурхай, барилга зэрэг бусад бизнес рүү ордог гэх мэт асуудлыг цэгцлэх арга хэмжээг авсан. Хамгийн гол нь Төв банк хуулиа хэр зэрэг хэрэгжүүлэхээс бүх зүйл шалтгаална.
-Намрын чуулганаар хэлэлцсэн асуудлаас Монголбанк болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг та онцолж байна. Гэтэл олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдвэрлэж чадаагүй шүү дээ?
-Бид ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаа учраас зээлийн хүүг бууруулах асуудлыг заавал шийдвэрлэх ёстой. Банкны төлөөлөгчийн талаас асуудалд хандах учиргүй. Зээлийн хүүг бууруулж, арилжааны банкуудын хөгжлийн эсрэг арга хэмжээ авах ёстой. Сүүлийн үед арилжааны банкны зээлийн хүү бага зэрэг буурч байгаа хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр бууруулах боломж бий л гэсэн үг. Төр захиргаадаж буулгах боломжгүй. Гэхдээ Төвбанкны Мөнгөний бодлогын хүүгээр эсвэл хадгаламжийн хүүг бууруулах, банкуудын хуримтлалд зохицуулалт хийх замаар зээлийн хүүг бууруулах гэх мэт олон арга зам бий.
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаас та алийг нь онцлох вэ. Завсарлагааны хугацаанд ямар хууль дээр голлон ажиллаж байна вэ?
 -Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хууль дүрмээ чангатгахыг Олон улсын авлигын эсрэг байгууллагаас манай улсад анхааруулсан. Иймд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажлыг ямар төвшинд хийх, хэрхэн хяналт тавих, хэн хариуцах вэ гэдгийг Төрөөс баримтлах мөнгөний бодлогодоо анх удаа маш тодорой тусгасан. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийгхаврын чуулганаар хэлэлцэнэ. Ингэхдээ хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох юм. Миний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад голлон ажиллаж байна. Энэ чиглэлд олгосон зээл эзэндээ хүрч, ажилгүйдэл, ядуурал буурч, эргээд эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг байх талд илүү анхаарч байгаа. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол, багшийн хөгжил зэрэг нийгмийн салбарын шинэчлэлтэй холбоотой хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна. Бас нэг чухал ажил бол цахим орчны зохицуулалтын хуулийг санаачлахаар төсөл дээр нь ажиллаж байна. Үүнээс гадна Хөгжлийн банкны тухай шинэ хуультай болох ёстой гэдэг үүднээс хуулийн төслийг боловсруулахад оролцож байна. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа.
-Эдгээрээс цахим орчны зохицуулалтын тухай хуулийн талаар тодруулмаар байна. Энэ талд үнэхээр зохицуулалт хэрэгтэй юм шиг санагддаг. Ямар заалттайгаар боловсруулж байна вэ?
 -Цахим орчин буюу олон нийтийн сүлжээнд тодорхой хэмжээгээр төрийн зохицуулалт хийхгүй бол Монгол хүний үнэлэмж, эв нэгдэл төдийгүй Үндэсний аюулгүй байдалд сөрөг үр дагавар үзүүлж байгаа учраас үүнд хуулийн зохицуулалт хэрэгтэй. Зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн бусад улс орон ч мөн адил үүнд анхаарал хандуулж эхэлсэн. Хэн нэгэн хуурамч нэр хаяг ашиглан бусдын нэр хүндийг гутаан доромжлох эсвэл улс төрийн зорилгоор ашиглах гэх мэт тохиолдол маш их гардаг. Монголын мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулахад олон нийтийн сүлжээнд зохицуулалт зайлшгүй хэрэгтэйг тодотгож байсан. Учир нь, боловсролтой, боловсролгүй зэрэг нийгмийн бүх шатны хүмүүс нэг эгнээнд гарч ирээд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлснээр сөрөг үр дагавар гарч байгаа учраас зохицуулалт хийх нь зүйтэй. Хуулийн төслийг бэлтгэх шатанд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Үндсэн хуульд зааснаар үг хэлэх бусдын эрх чөлөөг хаахгүй. Тухайн хүн өөрийхөө нэрээр буюу буух эзэн, буцах хаягтайгаар олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлэх бололцоог хуулиар олгох юм. Хуулийн гол зохицуулалт нь аливаа асуудлыг баталж, нотлоогүй, эцсийн шийдвэр гараагүй мэдээллийг хуурамч хаягнаас олон нийтийн сүлжээнд нийтэлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдэгт чиглэж байгаа юм. Хэрэв хуулийг баталбал түүнийг хэрэгжүүлэх Монголын харилцаа холбооны зохицуулах газар ямар үүрэг хүлээх, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, гаднын томоохон компанитай хэрхэн хамтарч ажиллах гэх мэт зохицуулалтын асуудлыг нарийн тусгана.
-Энэ тал дээр дэлхийн бусад улс орны жишиг ямар байдаг бол?
-Энэ талаар нэлээд сайн судалсан. Жишээлбэл, ХБНГУ-д Цахим орчныг зохицуулах хуулийг баталж, өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Иймд тухайн улсын хуулийн төсөл дээр ажилласан мэргэжилтнүүдтэй уулзаж саналыг нь сонссон. Тэд “Зайлшгүй баталж, хэрэгжүүлэх хууль юм билээ. Гэхдээ хэрэгжүүлэх явцад бага зэрэг асуудалтай тулгарч байна” гэдгийг онцолж байсан. Тодруулбал, хуурамч хаягаар дамжуулан хэн нэгэнд хохирол учруулсан тохиолдолд “фэйсбүүк”, “твиттер” зэрэг компани хариуцлага үүрч, өндөр төлбөр төлөх эсэхэд зөрчил үүсч байгаа талаар ярьж байсан. Тиймээс бид бусад улс орны туршлагаас судалж, гаднын томоохон компаниудтай санал солилцож, шийдэлд хүрэх ёстой юм билээ. Энэ асуудалд хөнгөн хандаж болохгүй. Тиймээс энэ талд мэргэшсэн, хуульч, эрдэмтэдтэй уулзаж, тэдний саналыг сонсохоор төлөвлөсөн.
-Та УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын үүрэгт ажлыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд ихэвчлэн ямар асуудлаар өргөдөл гомдол ирүүлж байна. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
– УИХ ард иргэдийг холбодог байгууллага бол Өргөдлийн байнгын хороо. Иргэдээс ирүүлсэн өргөдөл олон хүний амьдрал ахуйтай холбоотой байдаг учраас үүнд маш хариуцлагатай хандаж, нэг бүрчлэн судалж холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар тодорхой үүрэг чиглэл өгдөг. Ингэснээр үр дүнд хүрдэг. Тухайлбал, аж үйлдвэрийн парк байгуулах, арьс ширний үйлдвэрийг хотоос гаргах, томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, Төв цэвэрлэх байгууламжийн шаардлагатай санхүүжилтийг тусгах ажлыг идэвхжүүлснээр Засгийн газраас тодорхой арга хэмжээ авсан. Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага руу албан бичиг явуулаад үр дүнд хүрэхгүй. Хувь хүний орлогын албан татвар, тэтгэврийн настай холбоотой өргөдөл 7000-аад ирж байсан.
-Манай улсын нийгэм, эдийн засаг сайжирсан гэдэг ч бодит байдалд иргэдийн амьдрал хэвэндээ байна гэж шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? 
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль аль талдаа хариуцлагатай хандсаны үр дүнд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрсэн. Мөн гурван тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон. Эдийн засгийн энэ өсөлт аж ахуйн нэгжүүдэд тодорхой нөлөөлснөөр ажпын байр бага ч болов нэмэгдэж байна. Гэхдээ ядуурал буурахгүй, иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдэхгүй байгаа нь үнэн. Тиймээс эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргаанд наалдуулах хэрэггэй байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг олноор бий болгох, цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд халамж үзүүлэх байдлаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд дэд бүтэц рүүгээ нэлээд хөрөнгө оруулалт хийсэн.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*