“Соёолон мордоорой” гэж команд өгсөн дэд сайдад Засгийн газар хариуцлага тооцож чадах уу?

“Дүнжингарав-2018” хурдан морины уралдаан энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянталд болсон. Энэ уралдаан сунжирч, соёолон нас нь шөнийн харанхуйд үргэлжилснээр 16 хүүхэд мориноос унаж, бэртэл гэмтэл авсан юм.
“Дүнжингарав-2018” яагаад шөнө уралдсаныг харуулсан нэгэн бичлэг хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр явж байна.
Бичлэгт соёолон мордохын өмнө ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар уралдааныг зохион байгуулагчдад хандаж, уралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй талаар анхааруулсан байна.
Гэтэл “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулах комиссын дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Соёолон мордоорой” гэж чанга яригчаар зарлаад л харанхуйд болсон уралдааныг эхлүүлжээ. Ингээд урьд хожид болж байгаагүй эмх замбараагүй, хараа хяналтгүй морины уралдаан үргэлжилсэн байгаа юм.
Албаны хүмүүсийн өгч байгаа тайлбараар ММСУХ-ноос “Дүнжингарав-2018” уралдааныг Засгийн газрын шийдвэргүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан гэж байгаа. Тиймээс баруун аймгуудад томилолтоор ажиллаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх уралдааны маргааш буюу энэ сарын 19-ний өдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст нь хариуцлага тооц гэж утсаар үүрэг өгсөн байна. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл бүхий байгууллагуудын саналыг авч эхэлсэн байна.
Энэ явдлаас хойш арваад хонолоо. Хариуцлага, шийтгэлийн асуудал таг чиг. Учир мэдэх хүмүүсийн ярих нь, “…Танхимд нь ажиллаж байгаа дэд сайдад юу гэж хариуцлага тооцох вэ дээ. Асуудал ингээд сураг алдарна” гэж байна.
Гэхдээ Засгийн газрын зарим гишүүн ингээд чимээгүй өнгөрөхийг дэмжихгүй бололтой. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “…Энэ уралдааныг зохион байгуулж оролцсон хүмүүс нь төрийн албан хаагчид байгаа нь харамсалтай. Цаашид төрийн албан хаагчдыг хурдан морь уралдуулах, уралдаан зохион байгуулж, оролцохыг хориглох шаардлагатай гэж үзэж байна” гэжээ. Юутай ч дэд сайд нь “Соёолон мордоорой” гээд команд өгчихөж, Засгийн газар хариуцлага тооцож чадах уу гэж олон хүн асууж сурч байгаа бололтой.
Б.Дамдин-Очир

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*