Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарлаа

ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласныг “Америкийн дуу хоолой” агентлаг уламжлав.

Д.Трамп өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарч байгааг би өнөөдөр албан ёсоор зарлаж байна. Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээх болно.”гэжээ.
Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан билээ.
Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээрийг олон улсын хамтын нийгэмлэг “түүхэн чухал хэлэлцээр болсон” гэж үнэлдэг бол Д.Трамп “маш муу хэлэлцээр” гэж шүүмжилж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргана гэж нэг бус удаа анхааруулж байсан юм.
Уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаар шийдсэнтэй нь холбогдуулан Д.Трампыг Иран болон олон улсын хамтын нийгэмлэг эрс шүүмжлэх нь тодорхой.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангуулахаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог  Пхеньян руу илгээснээ Д.Трамп өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ мөн хэлсэн байна.
Г.Доржханд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*