ОРОН СУУЦНЫ ОРЧНЫ ГАЗРАА ТОХИЖУУЛАХАД ИРГЭД САНАЛАА ИРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

Энэ жилийг нийслэлийн Засаг дарга “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулан нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэн, гэрээ байгуулж орчны газарт тохижилт хийх нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 1034 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган нягталж, газар ашиглах эрх олгогдсон 499, эрх баталгаажуулаагүй 535 СӨХ байна.

Нийт СӨХ-дод газар баталгаажуулах, гэрээний хугацааг сунгуулах, газар ашиглалттай нөхцөл байдлын талаарх иргэдийн саналыг ирүүлэх тухай албан тоот хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 159 СӨХ-ны хүсэлт, санал ирээд байна.

Орон сууцны орчны газрыг СӨХ-дод ашиглуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, оршин суугчдаас орчны газрын ашиглалтыг сайжруулах талаарх санал хүсэлтээ холбоогоороо дамжуулан илэрхийлэх боломжтой.

Иймд орон сууцны оршин суугч иргэд энэхүү ажилд идэвх санаачлагатай оролцож, ойр орчны газраа тохижуулах өөрсдийн саналаа СӨХ-оороо дамжуулан Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ирүүлэхийг уриалж байна.

Хүсэлтдээ энэхүү аянтай холбоотой хийгдэх үйл ажиллагааны талаарх оршин суугч иргэдийн саналыг тусгах, мөн СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн орон сууцны орчны газрын кадастрын зураг, хорооны Засаг даргын санал зэрэг бичиг баримтыг хавсарган ирүүлснээр газрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болно.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*