“РОБОТЕК-2018” роботын тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Роботек-2018” роботын тэмцээнийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны  өдөр МҮОНРТ-д амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад СТЕМ боловсролын аргаар бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагаа, сэтгэн бодох чадваруудыг хөгжүүлэх, физик, математик болон бусад байгалийн ухааны чиглэлээр ашиглах, хичээлийг сонирхолтой, биет болгох анхан шатны робот бүтээх аргачлалд сургах замаар ирээдүйн энтрепренер, технологич инженерүүдийг бий болгох зорилготой юм.

Тус тэмцээнд Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 14-н сургуулийн 25 багийн нийт 75 сурагчид оролцож 1-р байранд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн баг, 2-р байранд 40-р сургууль, 3-р байранд “Ган зам” 20-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, шилдгээр шалгарсан баг хамт олныг Япон улсад зохион байгуулагдах СТЕМ фестивальд оролцох эрхээр шагналаа. Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын зүгээс ирээдүйн энтрепренер, технологич инженер хүүхэд, багачуудаа дэмжин шалгарсан шилдэг 3-н багийн сурагчдаа “Инновацийн төв”-д үнэ төлбөргүй бойжих эрхийн бичгээр урамшууллаа.

Цаашид Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо, Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Дүйнхэр тэргүүн” ХХК-тай хамтран “Роботек-2018” роботын тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*