МАН-ынхан МАН-ын эсрэг жагссан нь

 

Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр Бага хурал зургадугаар сарын 7-нд товлогдсон. Энэ хурлаар хэлэлцэх гол хоёр асуудал нь хотын МАН-ыг удирдах хүнийг сонгох болон Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэх явдал. Бага хуралд Нийслэлийн МАН-ын 152 үүрийн гишүүн 369 төлөөлөгч оролцох ёстой. Одоогийн үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гурав энэхүү албан тушаалд өрсөлдөнө гэсэн мэдээлэл хэвлэлээр тархсан. Өнгөн дээрээ өрсөлдөхгүй гэсэн зарим нь өнөөдөр хүртэл нэгнийхээ эсрэг акц хийсээр л байна. Яг Бага хурал болох өдөр заалнаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын одоогийн дарга С.Амарсайхан нар нэр дэвшиж мэдэхээр байгаа.

Өнөөдөр жишээ нь, Зууны мэдээ сонины хэвлэлийн бага хурлын танхимд СХД-ээс НИТХ-д сонгогдсон Р.Дагва болон БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Атармаа нар хэвлэлийн бага хурал хийхдээ, “Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 369 төлөөлөгчийн 69-ийг нь квотоор оруулах гэж байгаа нь МАН-ын Үндсэн дүрмийг зөрчиж байна. Хайрцагласан саналаар хотын МАН-ыг авах гэж байгаа энэ үйлдлээ зогсоож, тогтоолоо өөрчлөх ёстой” гэсэн асуудал ярьсан.

Харин үдээс хойш тэдний оролцсон жагсаал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд боллоо. 100 гаруй хүн оролцсон энэхүү жагсаалын үеэр тэд “60 тэрбумаас намаа цэвэрлэе. Дарга нараа биш гишүүдээ сонсдог нам байя. Улаанбаатар хотыг сүйтгэж байгаа Засаг даргаас салъя” гэсэн лоозон барьж ирцгээжээ. Жагсаалын гол дүр нь Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан байв. Баянзүрх дүүргийн ИТХ 2016 оны орон нутгийн сонгуулиар шүүхийн маргаанаас үүдээд МАН, АН-ын аль нь олонхи болохоо мэдэхгүй нэлээд будилсан. Дүүргийн сонгуулийн хороо нь МАН-ыг олонхи болсон гэсэн тогтоол гаргаж, тэрхүү ИТХ нь Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Үүнийг нь АН-ынхан эсэргүүцэж, Баянзүрх дүүргийн Тамгын газарт гурил, будаа нэг рүүгээ цацаж нэлээд үймээн дэгдээснийг иргэд мэднэ. Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилсны маргааш шүүхийн шийдвэрүүд гарч МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид татагдсан. Ингээд АН-ынхан олонхи болсноор Засаг даргаараа Д.Пүрэвдавааг томилсон. Ингээд нэг хоног л Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж үзсэн Э.Бат-Амгалан намынхаа удирдлагуудад гомдоллох болжээ. Түүх нь ийм. Нөгөө талаар Д.Пүрэвдаваа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон тул Засаг даргынхаа ажлыг нам нэгт Т.Баясахдаа өгсөн юм. Удаан сарын гомдлоо тээсэн Э.Бат-Амгалан өнөөдөр гэнэт л “Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид тогтоолоо өөрчлөх ёстой. 69 төлөөлөгчийг квотоор оруулахын оронд намын жирийн гишүүдээсээ төлөөлөгчдөө сонгох ёстой. Намын дарга, жирийн гишүүдийн харилцаа хөндийрсөн учраас биднийг сонсохгүй байна. Жирийн гишүүдээ сонсдог нам байхыг ахмадуудтайгаа нийлээд залуучууд бид хүсч байна” хэмээн микрофоноор хашгирч байгаа нь ийм шалтгаантай. Хотын захиргааны үүдэнд хүмүүс цуглуулж Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүргийг түр орлож буй Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардах хуудсаа гардуулахаар ирсэн нь энэ.

Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөхгүй гэж байсан УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар өнөөдрийн жагсаалыг дэмжүүлж хүмүүсээ илгээжээ. Жагсаалд ирсэн хүмүүсийн зургийг баримтжуулан авч, утсаар яаруу ярих нэг эмэгтэй хотын захиргааны үүднээс хөдлөхгүй байсан нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэвлэлийн төлөөлөгч бүсгүй байв. Нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн хөгжил тааруухан байгаа Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар хэрвээ Нийслэлийн МАН-ын дарга болвол намаасаа гурав дахь давхар дээлээ нөмөрнө гэдэг нь тодорхой. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллахын хажуугаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ачааг үүрч явдаг Уул уурхайн салбарыг толгойлж байгаа эрхэм парламентч Нийслэлийн МАН-ыг давхар удирдана гэвэл цаг зав нь амжих болов уу, ажил нь цалгардах болов уу. Ямар ч гэсэн Монголын хүн амын тал нь суудаг нийслэлд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал хариуцлагатай үүргийг “ажлын хажуугаар” хийнэ гэдэг бүтэхгүй. Дээр нь 2020 оны сонгууль хаяанд ирчихсэн байдаг. Уул уурхайгаа хөгжүүлж улсынхаа эдийн засгийг тэлэх үү, хороо, дүүргийнхээ намын гишүүдтэй тулж ажиллаж 2020 оны сонгуульдаа бэлдэх үү.

Хотын захиргааны үүдэнд “Хаалга эвдэхгүй шүү, манайхаан. Тайван жагсаал шүү, манайхаан. Шаардлагаа л өгчихөөд таръя. Эсвэл эндээ суулт хийе” хэмээн сануулж байгаа хүмүүс дотор БЗД-ийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид нэлээд байна. “Мандала” хорооллыг барьж буй Монкон группийн захирал болох БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Л.Батхуяг, БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, жүжигчин Б.Галцог, БЗД-ийн НАМЭХ-ийн тэргүүн, дүүргийн МАН-ын дэд дарга Г.Атармаа нар харагдана.

Олны анхаарлыг төдийлөн татахгүй ч жагсаалд дуу нэмж буй хүн бүрийг дүрсжүүлж байсан доорх эрийг Б.Сэргэлэнбаатар гэнэ. Сонгинохайрхан дүүргийн Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажилладаг тэрээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын бие төлөөлөгч. Тэрээр өнөөдөр хотын захиргааны үүдэнд болсон жагсаалыг осмогоор “Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөн” гэсэн фейсбүүк хуудсаар цацаж байлаа. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар Нийслэлийн МАН-ын хороог сонгох явдалд нэлээд ач холбогдол өгч, бүр “шинэчлэх хороо” байгуулсныг мэдэж болохоор байна. Бидний дуранд өртөөгүй нэг залуу байсан нь СХД-ийн Засаг даргын орлогч О.Ганбаатар байв.

Нийслэлийн МАН-ын гишүүд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд цаг гаруй болсны дараагаар 15.00 цагийн орчимд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр гарч ирсэн. Тэрээр “Хотын дарга хуралтай байгаа тул би шаардлагыг нь гардаж аваад өөрт нь өгье” гэв. Харин БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, “Бид намын асуудал ярьж байна. Тэрнээс төрийн албаны ажил яриагүй. Та төрийн албан хаагч учраас танд хамаагүй гэж ойлгож болно. Ийм учраас танд энэ шаардлагыг өгөхгүй” гэв. Ингээд Тамгын дарга М.Отгонбаяр буцаад орчихсон. Түүнтэй хамт гарч ирсэн залуу бол НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга байв.

Хотын Тамгын дарга М.Отгонбаярыг буцаж орсны дараагаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Нийслэлийн МАН-ын дэд дарга С.Мөнхчулуун гарч ирэв. С.Мөнхчулуун өмнө нь Ч.Мөнхбаярыг хотын дарга байхад НЗДТГ-т Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга байсан бол Э.Бат-Үүлийг хотын дарга байхад СХД-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан залуу. Нас ойролцоо, нэг үеийнх тул Э.Бат-Амгалантай эхлээд хэл амаа ололцоод байх шиг байв. “Хөгшөөн ингэж болохгүй шдээ. Надад бичгээ өгчих” гэвэл “Үгүй ээ, Су.Батболд даргад өөрт нь өгнө” гэх маягтай ярилцаж байснаа Э.Бат-Амгалан холдоод микрофоноор “С.Мөнхчулуунд бид өмнө гурван удаа шаардлага хүргүүлж байсан. Тэгээд хариу нь ирээгүй. Одоо өгвөл дөрөв дэх удаагаа болох гээд байна. Бид Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчид шаардлагаа хүргүүлнэ, тийм биз дээ” гэв. Цугласан олон ч “Тийм шдээ, юу гэж Мөнхчулуунд өгдөг юм” гэцгээв.

С.Мөнхчулуун үг хэлэх гэсэн боловч микрофон өгсөнгүй. Микрофон арай гэж олж авсан боловч жагсаал зохион байгуулагчид дууг нь хаав. Ингээд тэрээр чанга дуугаар, “Сайн байцгаана уу, намын нөхөд өө. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж байгаа. Та бүхний тавьсан шаардлагыг ойлгож байна. Шаардлагаа надад өгвөл би дамжуулаад, хэлэлцүүлье” гэв. Харин олон нийт “Чиний үгийг зөндөө сонслоо. Одоо бид үгээ хэлнэ” гээв хавьтуулсангүй. “60 тэрбумаас намаа салгая. Жирийн гишүүдээ сонсдог нам болъё” гэж үргэлжлүүлэн уухайлсаар С.Мөнхчулуун төлөөлөгчийг үдлээ.

Жагсагчид хотын захиргааны үүднээс удалгүй хөдөлж МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордон руу нэвтэрсэн. Учир нь, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж байгаа юм. Энэ бүхнийг бүрэн баримтжуулсан нэг л хүн байна. Тэр бол НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Ж.Энхбат.

Эх сурвалж: NEWSPRESS.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*