Томуугийн улиралд зорилтот бүлгийн 220 мянган хүнд дархлаажуулалт хийжээ

Монгол Улсад 2017-2018 оны томуугийн улиралд хийсэн вакцинжуулалтын үр дүнгийн талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжээс уулзалт ярилцлагыг Контенинтал зочид буудалд зохион байгууллаа.

Монгол Улс 2017-2018 оны томуугийн улиралд Засгийн газрын шугамаар 45 мянган хүн/тун, Даян Дэлхийн Эрүүл мэндийн Төвийн шугамаар 175 мянган хүн/тун вакцин хүлээн авч зорилтот бүлгийн 220 мянган хүнд дархлаажуулалт хийжээ. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 21 хувь нь нийслэлийн, 79 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байсан бөгөөд 3.4 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд, 20 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байжээ.
2017-2018 оны томуугийн улиралд 8000 жирэмсэн эмэгтэйд дархлаажуулалт хийсэн нь өмнөх оныхоос 27 дахин олон байсан бөгөөд тэднээс 1876 хүнд судалгаа хийхэд 89.7 хувь анх удаагаа томуугийн вакцинд хамрагдсан гэсэн дүн гарчээ. Дархлаажуулалтын дараа хэсэг газрын урвал маш бага байсан бөгөөд системийн хэмжээний урвал огт гараагүй байна. Энэ нь олон улсын вакцины аюулгүй байдлын дундаж үзүүлэлтээс доогуур гарсныг ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны дарга, анагаах ухааны доктор Ж.Байгальмаа онцлон тэмдэглэлээ.
Уулзалт ярилцлагад Даян Дэлхийн Эрүүл мэндийн Төвийн мэргэжилтэн, доктор Маленбэ Сандра Эбима оролцож, Даян Дэлхийн Эрүүл мэндийн Төвөөс дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа “Томуугийн вакцин нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулав.
Манай улсын хувьд 2 дахь жилдээ энэ төсөлд хамрагдаж байгаа бөгөөд жилээс жилд авч байгаа урьдчилан сэргийлэх вакцины хэмжээ нэмэгдэж ирсэн. Энэ жилийн хувьд ч тодорхой хэмжээний вакцин хүлээж авахаар яриа хэлэлцээ өрнөж байгаа аж. Ер нь Монгол Улс “Томуугийн вакцин нэвтрүүлэх төсөл”-д идэвх санаачилгатай оролцож, богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байгааг доктор Маленбэ Сандра Эбима дурдлаа.
Үнэхээр Монгол Улс 2017-2018 оны томуугийн улирлыг өвчлөл багатай даван туулж, хүндрэл бэрхшээл харьцангуй бага байсан нь урьдчилан сэргийлэх вакцинд зорилтот бүлгийн хүн амыг идэвхтэй хамруулсны үр дүн байсныг судалгааны дүн харуулж байгаа ажээ.
Уулзалт ярилцлагад нийслэлийн дүүргүүд, бусад аймгуудын дархлаажуулалт хариуцсан эмч, мэргэжилтнууд оролцов.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*