Чойжин ламын сүм ээдрээт цаг үеийг хэрхэн даван туулсныг гэрэл зургаар харуулав

Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр “Nophei Art” галерейд нээлээ.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн хэлэхдээ, “Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болоогүй үлдсэн цөөхөн сүмийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм музей цогцолборыг төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулсан. Өнөө хүртэл дөрвөн төрийн нүүрийг үзэж өнгөрүүлэхдээ ороо бусгаа цагийн хатуу сорилт, бэрхшээлийг даван туулсан. Үе үеийн лам хувраг, соёл, шинжлэх ухаан, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хичээл зүтгэл, эрдэм ухааны ачаар Чойжин ламын сүм цогцолбор, бурхан тахилууд нь харьцангуй бүтнээрээ үлдэж чадсан юм. 1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, маршал Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлснээр музей болох эхлэл нь тавигдсан. 1938-1960-аад он хүртэл Монгол оронд ирсэн гадаадын зочид төлөөлөгчдөд үзүүлдэг тусгай музей байлаа. Харин 1962 оноос олон нийтэд нээлттэй музей, 2000 оноос бие даасан Чойжин ламын сүм музей болсон. Музейн хамт олон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь энэхүү үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музей түүхийн ээдрээт цаг хугацааг хэрхэн даван туулж өнөөгийн бидэнд өвлөгдөн ирснийг гадаад, дотоодын гэрэл зурагчдын бүтээл өгүүлж байна” хэмээн ярилаа.  Үзэсгэлэнд 1904 оноос хойших түүхийг өгүүлэх 50 бүтээлийг дэлгэжээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*